
Зургийг: Greg Baker/AFP/Getty Images/Bloomberg
(Bloomberg) -- БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин улсынхаа тэргүүн генерал, өөрийн гол холбоотон асан Жан Юшяг шалгуулж эхэлсэн нь Хятадын зэвсэгт хүчний дээд удирдлагуудын дунд сүүлийн 50-иад жилд байгаагүй том цэвэрлэгээ явагдаж буй энэ үеийн хамгийн том мэдээ болж байна. Мөн Тайванийн асуудал, Хятадын Коммунист намын дээд албан тушаалтнуудын залгамж халаатай холбоотой олон асуулт бий болголоо.
Ши Жиньпинтэй олон жилийн турш гэр бүлийн найз нөхөр байж, бүр “хуурай ах” нь гэгддэг байсан Жан Юшяг маш богино хугацааны дотор авлигын хэрэгт холбогдуулан мөрдөн шалгаж эхэлсэн нь ажиглагчдыг гайхшируулсан ер бусын үйл явдал байв. Ингэснээр Хятадын Ардын Чөлөөлөх Армийн шийдвэр гаргах дээд эрх мэдэл төвлөлдөг Цэргийн Төв Зөвлөлөөс ганцхан генерал дүрэмт хувцастайгаа үлдэж байна. Ши Жиньпин 2022 онд гурав дахь бүрэн эрхээ эхлүүлж байх үед тус зөвлөлд зургаан генерал багтаж байсан юм.
Цэргийн Төв Зөвлөлийн дэд дарга Жан Юшя сүүлд болсон Коммунист намын бага хурал дээр харагдаагүй бөгөөд үүнээс ердөө дөрөв хоногийн дараа буюу бямба гарагт түүнийг шалгаж буйг албан ёсоор зарлажээ. Харьцуулбал өнгөрсөн онд чөлөөлөгдсөн БНХАУ-ын №2 генерал асан Хэ Вэйдуныг олны нүднээс “алга болгоод” зургаан сарын дараа л авлигын хэрэгт орсныг нь зарлаж байлаа.
“Жан Юшя, Ши нарын дотно нөхөрлөлийг авч үзвэл энэ урвалт нэлээн ноцтой байсан байж таарна” хэмээн Калифорнийн Их сургуулийн профессор Виктор Ши онцолсон байна. Бямба гарагт Ардын Чөлөөлөх армийн хэвлэл “PLA Daily”-д нийтлэгдсэн албан ёсны мэдэгдэлд Жан Юшя болон албан тушаалаасаа чөлөөлөгдсөн өөр нэг генерал Лиу Жэньли нарыг авлигын хэрэгт буруутгахаас гадна дэлхийн хамгийн том байнгын армийн “хариуцлагын тогтолцоог уландаа гишгэсэн” хэмээн шүүмжилжээ. Ийнхүү хатуу үг хэллэг ашигласан нь асуудал улс төрийн үнэнч байдалтай холбоотой байж магадгүй талаар таамгууд үүсгэсэн юм.
Жан Юшяг шалгах болсны цаадах нарийн шалтгаан тодорхой болоогүй байгаа. Харин "Wall Street Journal" түүнийг БНХАУ-ын цөмийн зэвсгийн хөтөлбөрийн мэдээллийг АНУ-д задруулсан, мөн Батлан хамгаалахын сайдын албан тушаал болон цэргийн худалдан авах ажиллагааны гол албан тушаалуудад томилгоо хийхдээ авлига авсан хэрэгт буруутгагдсаныг мэдээлээд буй.
БНХАУ-ын зэвсэгт хүчний элитүүдийн дээрх хямрал нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Гринланд, тарифын асуудлаар гол холбоотнуудтайгаа сөргөлдөж, дүрэмд суурилсан дэлхийн дэг журмын ирээдүй бүрхэг болоод буй үетэй давхцав. Энэ нөхцөл байдлыг ашиглан Ши Жиньпин Тайванийг эрхшээлдээ оруулах арга зам хайж магадгүй гэсэн яриа хүчээ авч байна. 23 сая хүн амтай, бие даасан удирдлага, ардчилсан тогтолцоотой Тайванийг Хятадын Коммунист нам хэдийгээр өмнө нь огт удирдаж байгаагүй ч улсынхаа нэг хэсэг гэж үздэг юм.
Түүнчлэн БНХАУ-ын таван жил тутамд болдог дээд удирдлагын халаа сэлгээ 2027 онд болохоор байгааг угтан улс төрийн тоглолт эрчимжих донсолгоотой үе эхэлж байна. Ирэх онд дэлхийн хоёр дахь том эдийн засагтай тус улсыг Ши Жиньпин дөрөв дэх бүрэн эрхийнхээ хугацаанд удирдахаар хөдлөх өндөр магадлалтай. БНХАУ-ын хамгийн хүчтэй генерал, Улс төрийн товчооны гишүүний хувьд Жан Юшя нь Ши Жиньпиний эрх мэдлээ авч үлдэх төлөвлөгөөг эсэргүүцэж бусдыг дайчлах хэмжээний нэр хүндтэй цөөн хэдэн албан тушаалтнуудын нэгд тооцогдож байлаа.