
Зургийг: astanatimes.com
Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар тус улсын Үндсэн хуульд өргөн хүрээний реформ хийх ажлыг албан ёсоор эхлүүлж, энэ чиг үүргээр байгуулагдсан шинэчлэлийн хороо анхны хуралдаанаа нэгдүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулсныг “Astana Times” мэдээллээ.
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын эхлүүлсэн улс төрийн шинэчлэлийн хөтөлбөрийн нэг хэсэг болох энэхүү санаачилга нь тус улсын засаглалын бүтэц, тогтолцоог шинэчлэн боловсруулах зорилготой бөгөөд бүх нийтийн санал асуулгын үр дүнгээр хүчин төгөлдөржих аж. Тодруулбал: Үндсэн хуулийн цэцийн даргаар ахлуулж, хууль тогтоогчид болон иргэний нийгмийн төлөөллөөс бүрдсэн шинэчлэлийн хороо Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтийн хэлэлцүүлэг, ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн боловсруулж иргэдэд танилцуулах бөгөөд иргэд бүх нийтийн санал асуулгаар дамжуулан нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх эцсийн шийдвэрийг гаргах болохыг онцолжээ.
Реформын хүрээнд хэрэгжүүлэхээр хэлэлцэж буй гол саналуудын нэг нь Казахстаны одоогийн хоёр танхимт Парламентыг "Курылтай" (Құрылтай) хэмээх ганц танхимаас бүрдсэн Парламент болгох өөрчлөлт байна. "Курылтай" нь 145 гишүүнээс бүрдэх бөгөөд гишүүдийг таван жил тутам 100 хувь пропорциональ системээр сонгодог байхаар саналд тусгажээ.
"Онцгой нэр, шинэ эрх мэдэл бүхий "Курылтай" нь парламентат ёс Казахстаны хөрсөнд гүн үндэс сууриар бүрэлдэн тогтсоныг илтгэх юм" хэмээн БНКУ-ын Төрийн зөвлөх Ерлан Карин онцолсон байна.
Үүнээс гадна Казахстан улсад дэд Ерөнхийлөгчийн тогтолцоо бий болгох, хууль тогтоох үйл ажиллагааг эхлүүлэх эрх мэдэлтэй Халык Кенеси (Ардын зөвлөл) хэмээх зөвлөх байгууллага байгуулах саналуудыг Үндсэн хуулийн реформд багтаахаар хэлэлцэж буй аж. Одоогоор олон нийтийн хэлэлцүүлгийн хүрээнд иргэдээс 2000 гаруй санал хүлээн авсан бөгөөд нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж дууссаны дараа бүх нийтийн санал асуулгад оруулах эцсийн багц реформын төслийг танилцуулахаа тус улсын Засгийн газар мэдээлжээ.