
Зургийг: С.Батсайхан
Үндэсний бүтээмжийн мастер төлөвлөгөөний тооцооллоор Монгол Улс “Алсын хараа 2050”-д тусгасан зорилтуудаас мэдэгдэхүйц хоцрох төлөвтэй байна. Хэвийн явцтай хувилбарт үндэслэн тооцоолоход 2050 он гэхэд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 4672 ам.доллар байхаар байгаа нь "Алсын хараа 2050"-ын 38,359 ам.долларын зорилтоос маш доогуур үзүүлэлт юм.
Мөн хөдөлмөрийн зах зээлийн оролцооны түвшин 63.6 хувьд хэвээр хадгалагдах, ажилгүйдэл 6.4 хувьтай байх зэрэг нь зорилтот гурван хувиас өндөр үзүүлэлт болохоор байна.
Бүтээмжид төвлөрсөн шинэчлэл хийхгүй бол хөдөлмөрийн зах зээлд шинээр бий болох ажиллах хүчний эрэлтэд хүрэхгүй. Иймээс одоогийн хөдөлмөрийн зах зээлд мөрдөж буй загварыг үргэлжлүүлбэл ажлын байр, бүтээмжийн алдагдал үргэлжилнэ гэж тооцоолж байна.
Азийн Бүтээмжийн Байгууллага (APO)-ын боловсруулсан Монгол Улсын Үндэсний бүтээмжийн мастер төлөвлөгөөнд өндөр нөлөөтэй тэргүүлэх таван салбарыг тодорхойлжээ. Эн тэргүүнд хөдөө аж ахуй тэр дундаа ойн аж ахуй, загас агнуур эрэмбэлэгдсэн байна. Харин үүний дараа боловсруулах үйлдвэрлэл, бөөний болон жижиглэн худалдаа, боловсрол, зочлох үйлчилгээний салбар багтжээ.
Дэлхийн улс орнуудын нэг хүнд ногдох хөдөлмөрийн дундаж бүтээмж 41 мянган ам.доллар байгаа бол Монгол Улсад 11.3 мянган ам.доллар байгаа нь дунджаас 3.6 дахин бага үзүүлэлт юм. Бүтээмжийг нэмэгдүүлэх гол хөшүүрэг нь бодит цалинг өсгөх гэдгийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд онцолж байсан юм.