
Зургийг: С.Батсайхан
Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй Төрийн өмчит дийлэнх компанийн хувьцааны ханш царцанги байдалд байгааг арилжааны мэдээллээс харж болохоор байна.
ҮЦТХТ-ийн 2025 оны төвлөрлийн судалгаанд Төрийн өмчит 26 хувьцаат компани байгаагаас тав нь нээлттэй хувьцаат компани буюу биржид бүртгэлтэй байна. Эдгээр компанийн 5-34 хувь нь олон нийтийн эзэмшилд байгаа юм.
Хамгийн олон буюу 11.8 мянган хувьцаа эзэмшигчтэй Төрийн банк IPO хийснээс хойш 4.3 мянган шинэ хувьцаа эзэмшигчтэй болсон ч гурван жилийн хугацаанд тус компанийн хувьцааны ханш унасан хөдөлгөөнтэй байна.
Харин Монголын Хөрөнгийн биржийн хувьцааны ханш Төрийн өмчит компаниудаас төдийгүй хөрөнгийн зах зээл дэх өсөлтөөрөө илүүрхэж буй хувьцаануудын нэгд тооцогдож байна. IPO хийснээс хойш тус компанийн хувьцааны ханш 200 гаруй хувиар өссөн ба нийт хөрөнгө оруулагчдын тоо 10 мянга даваад байгаа юм.
Үүнээс гадна 6.8 мянган хувьцаа эзэмшигчтэй “Авто импекс” ХК-ийн хувьцааны арилжааны идэвх тун сул байна. Хамгийн сүүлд өнгөрсөн оны 11 дүгээр сард л арилжаалагджээ.
Түүнчлэн “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн ердөө 5.3 хувь нь олон нийтийн эзэмшилд байгаа нь хамгийн бага үзүүлэлт болж буй бол “Монгол шуудан” ХК хамгийн цөөн тооны жижиг хувьцаа эзэмшигчтэй байгааг Үнэт цаасны төвлөрлийн сүүлийн судалгаанд онцолсон байна.