
Зургийг: Christopher Katsarov Luna/Bloomberg
(Bloomberg) -- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Канад улс БНХАУ-тай худалдааны хэлэлцээр хийвэл АНУ-д экспортолдог бүх бараа, бүтээгдэхүүнд нь 100 хувийн татвар ногдуулна гэж мэдэгдлээ.
Канад улс БНХАУ-аас экспортлох цахилгааны автомашиныг нэмэгдүүлэх зэргээр БНХАУ-тай бизнесийн харилцаагаа өргөжүүлэхийг зорьж буй нь маш том алдаа гэж АНУ-ын Дональд Трамп мэдэгдсэн байна.
Түүнчлэн тэрбээр өөрийн цахим хуудсаараа "БНХАУ Канадыг зажлахгүй залгих болно. Канадын бизнесүүд, нийгмийн бүтэц, амьдралын хэв маягийг устгах болно" гэж тодотгоод "Хэрэв Канад улс БНХАУ-тай хэлэлцээр хийвэл АНУ-д орж ирж буй Канадын бүх бараа, бүтээгдэхүүнд 100 хувийн татвар ногдуулна" гэж анхааруулжээ.
АНУ-тай хийх Канадын Худалдаа хариуцсан сайд Доминик Лебланк тус улс БНХАУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар зорихгүй гэж мэдэгдсэн байна. Хэдий тийм боловч хоёр тал тарифын асуудлаар хэд хэдэн чухал шийдвэрт хүрсэн гэж онцолжээ.
Харин Канадын Ерөнхий сайд Марк Карни АНУ-ын Ерөнхийлөгчийн үйлдлүүд, тэр дундаа Гринландыг хяналтдаа авах гэсэн оролдлогыг хатуу шүүмжиллээ. "Гринландын ирээдүйг зөвхөн Дани болон Гринландын ард түмэн шийдэх ёстой" гэж үзэж буйгаа илэрхийлээд байгаа юм.
БНХАУ болон Канад улс өнгөрсөн долоо хоногт худалдааны зарим хязгаарлалтыг бууруулж, харилцаагаа сэргээх тохиролцоонд хүрсэн нь Канадын гадаад бодлогын хувьд эргэлтийн цэг болж, АНУ-тай байгуулсан худалдааны харилцаагаа бууруулж буй дохио болсон юм.
Марк Карни нэгдүгээр сарын 16-нд БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уулзсаныхаа дараа БНХАУ Канадын рапсын экспортод ногдуулсан татвараа бууруулна гэсэн хүлээлттэй буйгаа мэдээлсэн байна.
Хариуд нь Канад улс БНХАУ-ын 49 мянган цахилгаан автомашиныг зургаа орчим хувийн тарифтай нэвтрүүлэх, өмнө нь ногдуулаад байсан 100 хувийн нэмэлт тарифыг хүчингүй болгохоор болжээ. Канад улс АНУ-ын бодлоготой уялдуулахын тулд 2024 онд БНХАУ-ын цахилгаан автомашинд өндөр дүнтэй тариф ногдуулж байсан юм.
БНХАУ мөн Канадын иргэдэд визгүй зорчих боломж олгоно гэж Марк Карни мэдээлжээ.