logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эрчим хүч
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Дулааны V цахилгаан станцын ажлыг нэн яаралтайгаар ирэх II сараас эхлүүлэхийг Ерөнхий сайд мэдээлэв
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 26 09:30
    548

    Зургийг: Brent Lewin/Bloomberg

    Улсын төсвөөс эрчим хүчний салбарт хийсэн хөрөнгө оруулалт 2021 оноос хойш найм дахин өсжээ

    Дулааны IV цахилгаан станц болон Бөөрөлжүүтийн цахилгаан станцад гарсан гэмтэл, саатлаас үүдсэн цахилгааны хязгаарлалт өнгөрсөн долоо хоногт нийслэлчүүдийг бухимдуулж, эрчим хүчний салбарын ужгирсан асуудлуудыг дахин нэг удаа санууллаа.

    Дулааны IV цахилгаан станцын гэмтэл засагдаж, бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн ч Бөөрөлжүүтийн цахилгаан станцад асуудал шийдэгдээгүйгээс 300 МВт-ын хүчин чадалтай тус станц 180-200 МВт-ын эрчим хүч үйлдвэрлэжээ. Хүйтний эрч эрс чангарч, тус станцын нүүрс тэжээх бункерт нүүрс хөлдсөнөөс хүчин чадлын дутагдалд орсон бөгөөд 40 орчим ажилтан гараар засварлахаар ажиллаж буйг баасан гарагт мэдээлсэн.

    Үүнээс гадна сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн оролцоо хүйтэн өдрүүдэд эрс буурсан байна. 155 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай гурван салхин станц ердөө 0-20 МВт орчмыг нийлүүлж байсныг Диспетчерийн үндэсний төв ТӨХХК-ийн Горим төлөвлөлт, тооцооны албаны дарга Х.Болд-Эрдэнэ мэдээлж байв.

    Зургаан сарын өмнө болсон Дулааны III цахилгаан станцад гарсан томоохон хэмжээний осол, энэ сарын Дулааны IV цахилгаан станцын халаах зуухны гадаргууд гарсан гэмтэл гээд эрчим хүчний салбарын ажиллагаа өдгөө богино хугацаанд гал унтраах ажилд төвлөрч байна. Сүүлийн 30 гаруй жил яригдсан ч хачирхалтай шалтгаануудаар гараанаас хөдлөөгүй Дулааны V цахилгаан станцын ажлыг нэн яаралтайгаар ирэх хоёрдугаар сараас эхлүүлэхийг Ерөнхий сайд Г.Занданшатар Давост өгсөн ярилцлагадаа хэлж байв. Харин дунд хугацаандаа сэргээгдэх эрчим хүчний шинэ станцуудыг байгуулж, нар салхинаас үйлдвэрлэх эрчим хүчний хэлбэлзлийг арилгахад хиймэл оюун ашиглахаар Давост Дэлхийн Эдийн Засгийн Форумын үеэр гадаадын компаниудтай тохиролцсноо мэдээлсэн юм.

    unnamed.jpg

    Сүүлийн таван жилийн хугацаанд улсын төсвөөс эрчим хүчний салбарт 743.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бол нийт зарцуулсан төсөв нь 1.3 их наяд гаруй төгрөг байна. 2026 онд тус салбарт 317.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр баталсан нь 2021 оныхоос найм дахин өндөр дүн юм.

    Тус салбарт сүүлийн 8-9 жилийн хугацаанд гадаадын зээл тусламжаар ойролцоогоор 1.5 их наяд төгрөгийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Мөн өнгөрсөн хугацаанд салбарын алдагдал бараг нэг их наяд орчим төгрөгөөр хэмжигдэж, төсвөөс 250 орчим тэрбум төгрөгийн татаас олгосон байгааг эдийн засагч, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх А.Батпүрэв мэдээлж байв.

    Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд хууль эрх зүйн орчноо илүү боловсронгуй болгох, шат дараалсан олон зөвшөөрөл журмыг хөнгөвчлөх, цаашлаад чөлөөт өрсөлдөөний зах зээл рүү шилжих шаардлага зайлшгүй байна. Тухайлбал: аж ахуйн нэгж  өөрийн цахилгааны хэрэглээг хангах станц барихаар газрын зөвшөөрөл авахад зургаан сар, бичиг баримт бүрдүүлэх процесс нийт 1.5 жил үргэлжилж буйг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл тодотгож байлаа.

    Cэтгэгдэл бичих