
Зургийг: Akos Stiller/Bloomberg
(Bloomberg) -- Мөнгөний ханшийн шуургалсан өсөлт үргэлжилсээр унц нь түүхэндээ анх удаа 100 ам.доллар хүрлээ. Эрсдэлээс хамгаалах хөрөнгө оруулалтын хэрэгслүүд өндөр эрэлттэй болж, Шанхайгаас эхлээд Нью-Йорк хүртэлх жижиглэнгийн зах зээлүүдэд мөнгөний худалдан авалт эрс өссөн нь үүнд нөлөөлж байна.
Мөнгөний спот ханш баасан гарагт 6.9 хүртэлх хувиар өсөж, унц нь 102.87 ам.доллар хүрлээ. 2025 онд хоёр дахин өссөн бол энэ он гарсаар 40 гаруй хувиар өсөөд буй.
Алтны ханш ч мөн шинэ дээд түвшнээ тогтоож, унц нь 5000 ам.доллар дөхөв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хоёр дахь бүрэн эрхийн эхний жилд дэлхийн худалдаа, геополитик, мөнгөний бодлогын тодорхойгүй байдал нэмэгдсэнээр хөрөнгө оруулагчдын дунд үнэт металлын эрэлт хүчээ аваад байгаа юм.
Харин өнгөрсөн долоо хоногт АНУ Европын холбоотон улсуудтайгаа түнжин хагарч, мөн Украины дайныг зогсоох ээлжит оролдлого бүтэлгүйтсэн нь үнэт металлын ханшид дахин дэмжлэг боллоо.
Дэлхийн мөнгөний зах зээл тав дахь жилдээ дараалан нийлүүлэлтийн дутагдалд ороод байгаа аж. Ханш нь өсөх тусам жижиглэнгийн зах зээлд худалдан авалт дагаад эрчимжиж буйн зэрэгцээ БНХАУ-д хөрөнгө оруулагчид алтыг орлох хямд үнэтэй металл мөнгө рүү хошуурч байна.