
Зургийг: “Премиум Нэксус” ХК
“Премиум Нэксус” ХК энгийн хувьцаа эзэмшигчдэдээ зах зээлийн үнээс 75 хувиар өндөр ханшаар хувьцаагаа эргүүлэн худалдах санал тавьсан ч дийлэнх хөрөнгө оруулагчид нь хувьцаагаа авч үлдэх шийдвэр гаргасан байна.
2025 оны 11 дүгээр сард компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс нэгж хувьцааг 350 төгрөгөөр худалдан авах шийдвэр гаргаж, нийт гаргасан хувьцааныхаа 4.8 хувьтай тэнцэх хэмжээг 18.65 тэрбум төгрөгөөр амжилттай эргүүлэн худалдан авсныг мэдээлж байна. Энэ нь хувьцаагаа компанид худалдах эрх нь үүссэн нийт хөрөнгө оруулагчдын эзэмшиж буй хувьцааны ердөө 19.2 хувийг бүрдүүлж байгаа юм.
Тус компанийн зүгээс хувьцаагаа зах зээлийн ханшаас илүү өндрөөр үнэлэн худалдан авсан нь нэг талаасаа хөрөнгө оруулагчдын өгөөжийг нэмэгдүүлж байгаа бол нөгөө талаас компани нь өөрийн санхүү болон урт хугацааны төлөвт өндөр итгэлтэй дохио илгээж байна.
Тиймдээ ч дийлэнх хөрөнгө оруулагчид өндөр өгөөжтэй хувьцаагаа зарах боломжтой байсан ч “Премиум Нэксус” ХК-ийн хувь эзэмшигч хэвээр үлдэхээр шийдвэрлэсэн нь тус компанийн засаглал, урт хугацааны өсөлт болон тогтвортой байдалд итгэлтэй байгааг илэрхийлж байна.
Шаардах эрх хэрэгжүүлж дууссан талаарх дүгнэлт, хүсэлт өгсөн хувьцаа эзэмшигчдийн тоон мэдээллийг олон нийтэд зарлан, үйл ажиллагааг нээлттэй мэдээлснээр жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалж, бирж дээрх арилжааны итгэлцлийг дэмжих стандарт аргачлалыг тогтоосон үйл явдал боллоо гэж “Премиум Нэксус” ХК-ийн зүгээс онцолж байна.