
Зургийг: Өмнөговь
Өмнөговь аймгийн улсын төсөвт төвлөрүүлж буй орлого 2021 оноос хойш бараг 20 дахин нэмэгдсэн байна. Тухайлбал: 2021 онд 78.3 тэрбум төгрөг, харин 2025 онд 1.5 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ.
2026 онд долоон аймаг улсын төсөвт 1.3 их наяд төгрөг төвлөрүүлэхээс 90 хувийг нь Өмнөговь аймаг дангаараа бүрдүүлэхээр байгаа юм. Аймгийн төсөв тэлэхийн хэрээр улсын төсөвт төвлөрүүлж буй орлого нэмэгдэж нь байгаа аж.
Тус аймагт Оюутолгой, Тавантолгой, Нарийн Сухайтын бүлэг орд зэрэг уул уурхайн 18 компани үйл ажиллагаа явуулдаг бөгөөд компаниудын төсөвт төвлөрүүлж буй татвар хураамжийн 40 хувийг орон нутагт буцаан хуваарилдаг байна.
2026 онд Өмнөговь аймаг 2.1 их наяд төгрөгийн төсөв баталсан бол 1.1 их наяд төгрөгийг нь улсын төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Мөн цахилгаан станц, олон улсын нисэх буудал, спорт цогцолбор, шинэ цэнгэлдэх хүрээлэн зэрэг томоохон бүтээн байгуулалтын төслүүд хэрэгжүүлэхийг Аймгийн засаг дарга Н.Энхбат мэдээлж байв.
Үүнээс гадна Өмнөговь аймаг анх удаа орон нутагт бонд гаргахаар бэлтгэж буй. Аймгийн төвд 50 мегаваттын дулааны цахилгаан станц барихын тулд 500 тэрбум төгрөгийн бондыг 2026-2028 онд үе шаттай арилжаална.
Тус аймаг 82 мянган хүн амтай бол бусад аймгаас 70 мянга орчим хүн очиж, ажиллаж, амьдарч буйг тус аймгийн Засаг дарга тодотгосон юм.
2025 оны эцсийн байдлаар 5080 хуулийн этгээд Өмнөговь аймагт бүртгэлтэй байгаагаас 2734 нь үйл ажиллагаа идэвхтэй явуулж байгааг Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харж болохоор байна.
Өнгөрсөн оны 12 дугаар сард Өмнөговь аймагт инфляц өмнөх оны мөн үеэс зургаан хувиар эрчимжсэн үзүүлэлттэй гарсан нь улсын дундаж болох 7.5 хувиас бага дүн боллоо.