logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ярилцлага
    Нийтлэлийг хуваалцах
    Bloomberg TV Mongolia
    Кристалина Георгиева: Худалдааг зөв чиглэлд явуулах замаасаа хазайвал эдийн засгийн өсөлт саарна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 22 10:10
    703

    Зургийг: Chris J Ratcliffe/Bloomberg

    Худалдааны зөрчилдөөний шинэ нөхцөл байдал, Венесуэлийн асуудлууд дэлхийн эдийн засгийн ерөнхий төлөвт ямар нөлөө үзүүлэхийг хэлэхэд эрт байна. Ямар ч тохиолдолд харилцан зөвшилцөлд хүрэх арга замыг олох нь бүх талд ашигтай тусна гэж Олон Улсын Валютын Сангийн тэргүүн Кристалина Георгиева тодотголоо.

    - Та бүхэн өнөөдөр Дэлхийн эдийн засгийн төлөвийн тайлангаа танилцууллаа. Ерөнхийдөө үзүүлэлтүүд тийм ч муу биш боловч “Худалдааны дайн” дахин дэгдэх, эсвэл Гринландтай холбоотойгоор бидний харж буй маргаан, сөргөлдөөнийг үл тооцсон төлөв шүү дээ? Таны хувьд 2025 оноос эхлэлтэй худалдааны маргааны эрсдэл дахин хүчтэй сэдрэх вий гэдэгт хэр их санаа зовниж байна вэ?

    - Эн тэргүүнд сайн мэдээнээс эхлэхэд дэлхийн эдийн засаг гайхалтай уян хатан, тэсвэртэй байгаагаа батлан харууллаа. Бид энэ онд 3.3 хувиар өснө гэж тооцоолж байгаа. Харин ирэх онд 3.2 хувьтай байна. Энэ тэсвэртэй байдал нь дөрвөн суурь хүчин зүйлээс бүрдэж байна. Нэгдүгээрт, худалдааны хурцадмал байдал бидний айж байсан шиг ноцтой хэмжээнд хүрээгүй. Хоёрдугаарт, хувийн хэвшил уян хатан, дасан зохицох чадвар сайтай байлаа. Гуравдугаарт, бид хангалттай ярьдаггүй нэг зүйл нь сайн бодлого. Тухайлбал: Засгийн газрууд хиймэл оюуныг хариуцлагатай ашиглах, түүний боломжийг нээх бодлогын хэрэгслүүдийг боловсруулсан явдал.

    Зөв асуулт байна. Энэ тэсвэржилт саарах уу? Одоогоор худалдааны маргааны шинэ нөхцөл байдал яг ямар нөлөө үзүүлэхийг хэлэхэд эрт байна. Гэвч бидний мэдэж байгаа зүйл гэвэл тодорхойгүй байдал нэмэгдэх тусам бизнесүүдэд ч, өрхүүдэд ч сөрөг нөлөөтэй.

    - Нөхцөл байдал өөр санагдаж байна уу? Учир нь Гринландын асуудал бүрэн эрх, тусгаар тогтнолыг хөндөж байна. 2025 онд эдийн засаг тогтвортой байсан нэг хүчин зүйл нь тийм ч олон улс хариу арга хэмжээ авсангүй. Үүгээрээ өөр байж магадгүй юм? 

    - Цаг хугацаа л харуулах байх. Юу болох, эс болох талаар таамаг дэвшүүлэхийг би хүсэхгүй байна. Харин юу хэлэх вэ гэвэл огт төсөөлшгүй зүйлс тохиолдож буй дэлхийд амьдарч байна гэдгээ хүлээн зөвшөөрөх нь чухал. Ийм нөхцөлд хүмүүст өгөх миний ганц зөвлөгөө бол тайван байж, хаа хүрэх вэ гэдгээ сэтгэл хөдлөлд авталгүйгээр үнэлэх нь чухал. 

    - Хэрэв Европын нэр дурдсан улс орнуудад 10 хувийн нэмэлт тариф ногдуулбал эдийн засагт үзүүлэх нөлөөг үнэлэхэд хэр хүндрэлтэй байх вэ? 

    - Бид ямар нөхцөл байдал үүсэхийг олон хувилбараар туршилт хийж тооцоолсон. Эдгээр хувилбараас харахад хэрэв бид худалдааг зөв чиглэлд явуулах замаасаа хазайвал эдийн засгийн өсөлт саарах эрсдэлтэй. Миний онцлон хэлэхийг хүсэж буй зүйл бол хамгийн зөв гарц нь харилцан тохиролцоонд хүрэх арга зам олох хэрэгтэй. Энэ нь хаана ч хэнд ч ашигтай. 

    - Дональд Трамп Давост ирж байгаатай холбоотойгоор хаа сайгүй санаа зовнил ажиглагдаж байна. Учир нь АНУ аль хэдийн олон улсын 70 гаруй байгууллагаас гарсан. Эцэстээ ОУВС-аас ч бас гарах вий гэсэн болгоомжлол танд байна уу?

    - Илэн далангүй хэлэхэд үгүй. Санаа зовохгүй байна. Манай байгууллага АНУ-ыг оролцуулаад 191  гишүүнтэй, гишүүдийнхээ хувьд маш сайн институц. Тиймээс яагаад санаа зовохгүй байгаа хоёр шалтгааныг хэлье. Нэгдүгээрт, бид ямар ч зардалгүй. Үнэндээ бид хуримтлалын данс шиг ажилладаг. АНУ бидний сувгаар дамжуулан мөнгө зээлүүлдэг бөгөөд бид түүнийг нь хүүтэйгээр буцаан төлдөг. Сүүлийн хоёр жилд АНУ биднээр дамжуулсан өөрийн зээлдүүлгээс 3.1 тэрбум ам.долларын хүүгийн орлого олсон. Хоёрдугаарт, бид эдийн засаг болон шинэчлэлд хатуу төвлөрч ажилладаг. Энэ нь бүх бизнесүүдийн хувьд тэр дундаа АНУ-д ч маш ашигтай. Мөн “гал гарсан” үед очоод унтраадаг өөр ийм байгууллага байхгүй. Өнөөдрийн дэлхий ертөнцийг харвал бид яг одоо хэчнээн “гал” унтрааж байгааг та мэдэх үү?

    - Маш олон

    - Бидэнд одоо 50 хөтөлбөр байна. Мэдээж бидний зорилго бол гишүүн орнуудад үргэлжлүүлэн үйлчлэх, бизнесүүдэд ашигтай, өрхүүдэд эерэг нөлөөтэй байх явдал.

    - Та Дэлхийн эдийн засгийн төлөвийн тайландаа хиймэл оюуны талаар нэлээд их дурдсан. Энэ онд дэлхийн эдийн засгийг дэмжихэд хиймэл оюунд хийх хөрөнгө оруулалт ямар нөлөө үзүүлнэ гэж харж байна?

    - Одоогоор хиймэл оюунд хөрөнгө оруулах хандлага өгөөжтэй үр дүн харуулж байна. Тиймээс бид хөрөнгө оруулалтын энэ урсгал өөр олон үнэ цэнтэй салбарыг чиглэсэн хөрөнгө оруулалтыг шахаж, үргэлжлэх байх гэж үзэж байна.  Бид одоогоор dot-com хөөргөдөл шиг хэт их “хөөрөх” эрсдэлийг шууд харахгүй байна. Гэхдээ хүмүүсийг хиймэл оюунд хийж буй хөрөнгө оруулалтын үр ашгийн өсөлтийг маш нарийвчлан хянахыг анхааруулж байна. Одоогоор тодорхой өгөөжтэй байгаа ч энэ нь тогтвортой үргэлжлэх эсэх нь эргэлзээтэй.

    Бид хиймэл оюуны өсөлтөд үзүүлэх нөлөөг 0.1 хувиас 0.8 хувь гэж тооцоолсон. Энэ нь ихээхэн зөрүүтэй тоо. Тиймээс бидний хамгийн их санаа зовниж буй зүйл бол хөрөнгө оруулалтын үр өгөөж нь энэ их хэмжээний хөрөнгийн урсгал зөв байсан гэдгийг илтгэх хурд, цар хүрээтэй нийцэх явдал. 

    - Танаас хоёр улсын харилцаа, ялангуяа Венесуэлийн талаар асуумаар байна. Сүүлийн 2–3 долоо хоногт Николас Мадуро албан тушаалаас буусан үйл явдлууд өрнөлөө. Таны бодлоор цаашид Венесуэлд юу болох бол? 

    - 2019 оноос хойш Венесуэлтэй холбоотой аливаа харилцаа огт байхгүй болсон гэж хэлж болно. Манай гишүүн орнууд Венесуэлийн удирдлагыг хүлээн зөвшөөрөөгүй, одоо ч хүлээн зөвшөөрөөгүй хэвээр байна. Гэсэн ч бид Венесуэлийг анхааралтай ажиглаж байна. Энэ хугацаанд бид юу харсан бэ гэвэл нөхцөл байдал үнэхээр аймшигтай байна. Эдийн засаг нь огцом агшиж, инфляц эрчимжсэн. Бид гипер инфляц болох вий гэж санаа зовж байгаа. Эх орноосоо найман сая хүн дүрвэсэн нь Украины дайны улмаас дүрвэгсдийн тооноос ч их байна. Гэхдээ хамгийн хэцүү нь үнэн бодит мэдээлэл, статистик байхгүй тул нөхцөл байдлыг эргүүлэх нь маш хүнд.

    Хэрэв манай гишүүн орнууд “Одоо болно, ажиллах боломжтой” гэж шийдвэл бид Венесуэлтэй харилцаагаа даруй сэргээж, идэвхтэй ажиллахад бэлэн байна. Энэ талд удахгүй ахиц гарна гэж найдаж байгааг л танд болон Венесуэлийн ард түмэнд хэлмээр байна. 

     Украин одоо өрнөж байгаа бусад олон үйл явдлын сүүдэрт дарагдаж, мартагдаж байна гэх яриа энд хаа сайгүй сонсогдож байна. Тэнд хэрэгжиж буй хөтөлбөрийн явц ямар байгаа вэ? Мөн Европын удирдагчдын дэмжлэг хангалттай байгаа та харж байна уу? 

    Украинд айлчилсан нь үнэхээр сэтгэл түгшээсэн туршлага байлаа. Энэ өвөл цельсийн хасах 20 хэм хүртэл хүйтэрч байна. Тэндэхтэй харьцуулахад энд амар амгалан байна. 

    Харин тэнд хот нь хүйтэн, харанхуй ч үйл явц хэвийн. Гудамж нь цэвэрхэн гэрлэн дохио ажиллаж байна. Миний уулзсан хүн бүр маш их тэсвэр хатуужилтай байгаа нь харагдсан. Би нэгэн бөмбөгдөлд өртсөн цахилгаан станцыг үзлээ. Хүүхдүүдийг дулаан, цахилгаангүй болгоод сургуульд нь явуулах боломжгүй болгох гэдэг ямар харгис байж болохыг төсөөлөхөд бэрх. Гэвч тэд 14 цагийн дотор хэрэглэгчдийн 75 хувийн цахилгааныг сэргээсэн. Энэ нь Украины ард түмний гайхалтай тэсвэр тэвчээрийг харуулж байна.

    Олон Улсын Валютын Сангийн эхний хөтөлбөрийн хүрээнд найман удаагийн хяналт шалгалтыг бид бүгдийг нь амжилттай дуусгасан. Одоо бид Украинд макро эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлын чухал тулгуур болох шинэ хөтөлбөрийг боловсруулж байна. Ингэснээр Европын Холбооноос олгож буй 90 тэрбум еврогийн дэмжлэг Украинд олгогдох боломжтой болно.

    Cэтгэгдэл бичих