logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    ЭХЯ: Төвийн бүсийн эрчим хүчний сүлжээ 2027 оноос чадлын дутагдалд орохгүй
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 21 15:40
    361

    Зургийг: С.Батсайхан

    2025-2026 оны Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний оргил ачаалал 1800 МВт хүрнэ гэж тооцоолж байсан ч нэгдүгээр 19-нд 1803 МВт хүрчээ

    Дулааны IV цахилгаан станцын наймдугаар зуухны халаах гадаргууд гарсан гэмтлийг засварласан, ойрын хэдэн цагтаа багтаан бүрэн хүчин чадлаараа эрчим хүч нийлүүлэхээр байгааг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээллээ.

    Үүнээс гадна Бөөрөлжүүтийн цахилгаан станцын зуухны нүүрс тэжээх бункерт нүүрс хөлдөж, бөглөрснөөс 300 МВт-ын нийлүүлэлт нь 120 МВт-аар буураад байна. Дээрх шалтгаануудын улмаас 371,174 айл өрх, 46,691 аж ахуйн нэгж, нийт 417,865 хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний түр хязгаарлалт хийснийг тодотголоо.

    Сүүлийн хоёр жилийн хугацаанд 560 орчим МВт-ын эрчим хүчний эх үүсвэр ашиглалтад орсон ч хэрэглээний өсөлтийг гүйцэхгүй байна. Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 12 хувиар өсөж буй. 

    Төв аймгийн Баян сумд баригдаж буй 660 МВт-ын станцыг 2027 онд ашиглалтад оруулснаар төвийн бүсийн эрчим хүчний сүлжээ чадлын дутагдалд орохгүй гэдгийг салбарын сайд хэллээ.

    Одоогоор цахилгаан станцуудын бүх турбин генераторууд нөөц тоноглолгүй ажиллаж байгаа учраас аль нэг дээр гэмтэл гарсан тохиолдолд тэр хэмжээгээр цахилгааны хязгаарлалт хийх нөхцөл байдалтай байна.

    Харин Улаанбаатар хотын дулааны асуудлын хувьд Дулааны V цахилгаан станцыг ашиглалтад оруулж бүрэн шийдэгдэнэ.

    Үүнээс гадна 10 аймгийн төвд дулааны цахилгаан станц барих төслийг БНСУ-ын Эксим банкны зээлээр эхлүүлсэн ч гүйцэтгэгч “Бьюксан Инженеринг” компани нь дампуурсан. 100 гаруй сая ам.долларын төсөвт өртөгтэй, ес орчим сая ам.долларын зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулсан аж. Төслийн гүйцэтгэл дунджаар 45 хувьтай байгаа. Тус төсөл дээр дахин тендер зарлахаар төлөвлөж буйг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэв.

    Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн

    Cэтгэгдэл бичих