
Зургийг: С.Батсайхан
2026 он гарсаар Монгол Улсын Засгийн газрын олон улсын зах зээлд гаргасан бондуудын ханш үл ялиг өссөн хөдөлгөөнтэй арилжаалагдаж байна.
2026 оны дөрөвдүгээр сард хугацаа нь дуусах бондын ханш нэрлэсэн үнээс давж өссөн бол 2027 онд хугацаа нь дуусах бондын ханш нэг орчим ам.доллароор өссөн үзүүлэлттэй байна.
Дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын сангууд энэ онд хөгжиж буй орнуудын бондод илүү хөрөнгө байршуулах төлөвлөгөөгөө танилцуулж байсан юм. Үүнийг дагаад Монгол Улсын Засгийн газрын бондууд ч мөн адил хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж эхэлжээ.
Хөгжингүй орнуудын төсвийн бодлого зах зээлд болгоомжлол үүсгэж, харин хөгжиж буй орнууд эрсдэл өндөр хэвээр байгаа энэ үед төсвийн бодлогоо чангаруулан, зээлжих зэрэглэл нь нэмэгдэж буй нь ийнхүү хөрөнгө оруулагчдын урсгалыг өөрчилж байна.
Энэ онд Монгол Улсын Засгийн газар нийт 281.4 сая ам.долларын өр эргэн төлөх хуваарьтай байгаа бөгөөд үүний 174.3 сая нь дөрөвдүгээр сард хугацаа нь дуусах бондын үндсэн төлбөр бол үлдсэн нь хүүгийн төлбөр байгаа юм.