logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Ш.Алтантуяа агсны хэрэгт Малайзын Засгийн газрын давж заалдах гомдлыг шүүх хүлээн авчээ
    Niki Koswanage, Tom Redmond
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 20 11:30
    859

    Зургийг: : Samsul Said/Bloomberg

    (Bloomberg) -- 2006 онд Малайз улсын Ерөнхий сайд асан Нажиб Разакийн бие хамгаалагчдын гарт амиа алдсан Шаарийбуугийн Алтантуяагийн гэр бүлд учирсан хохирлыг Малайзын Засгийн газраар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг тус улсын Давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгосон байна. Тодруулбал: Давж заалдах шатны шүүх өмнө нь Ш.Алтантуяагийн гэр бүлийн талд гаргасан иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай Малайзын Засгийн газраас гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсан болохыг мягмар гарагт шүүгч Мунианди Канняаппан мэдээлжээ.

    Дээрх шийдвэр гарснаар хэрцгий аллагын хариуцлагыг нэхэх 18 жилийн турш үргэлжилж буй хууль шүүхийн маргаан Малайзын хамгийн дээд шатны шүүхэд очих магадлалтай болж байна. Хохирогчийн талыг төлөөлж буй өмгөөлөгч Сангит Каур Деогийн мэдээлснээр Ш.Алтантуяагийн гэр бүлийнхэн Малайзын Холбооны шүүхэд давж заалдах гомдол гаргахаар төлөвлөж байгаа аж.

    Харин Ш.Алтантуяа агсантай харилцаатай байсан Абдул Разак Багиндагийн давж заалдах гомдлыг шүүхээс хүлээн аваагүй бөгөөд түүнийг хохирогчийн гэр бүлд 1.38 сая ринггит буюу 340,564 ам.доллар төлөх ёстой гэж шийдвэрлэжээ. Хэрэг гарсан өдөр Абдул Разак Багиндагийн гэрийн гаднаас хэрэгтнүүд Ш.Алтантуяаг хулгайлан авч явсан байдаг.

    Аллагыг үйлдсэн тусгай албаны алба хаагчид болох Азила Хадри, Сирул Азхар нар нь тухайн үед Нажиб Разак болон бусад өндөр албан тушаалтнуудыг хамгаалахаар томилогдсон байсан аж. Хоёуланд нь шүүхээс цаазын ял оноосон ч аллага үйлдсэн сэдлийг нь тогтоогоогүй хэвээр байгаа.

    Азила Хадри нь цаазын ялыг хөнгөрүүлж, бүх насаар хоригдох ял болгуулах хүсэлтээ дэмжих зорилгоор мэдүүлэг өгөхдөө аллагын захиалагч нь Нажиб Разак байсныг мэдэгдэж байв. Нажиб Разак өөрийгөө энэ хэрэгт ямар ч оролцоогүй гэж үгүйсгэсээр ирсэн юм. Харин Сирул Азхар нь Австрали руу зугтсан бөгөөд Австрали улсын Засгийн газар түүнийг Малайз руу буцаавал цаазлуулах магадлалтай гэж үзэн шилжүүлж өгөхөөс татгалзжээ.

    2022 онд хэргийн хариуцлагыг Малайзын Засгийн газар болон Абдул Разак Багинда, Азила Хадри, Сирул Азхар нар хамтран үүрэх ёстой гэсэн шүүхийн дүгнэлт гарч байв. Хэдий тийм боловч  хариуцагч талууд хохирлын нөхөн төлбөр олгоогүй тул Ш.Алтантуяагийн гэр бүл дээрх шийдвэрийн хэрэгжилтийг хангуулахаар шүүхэд гомдол гаргасан юм. Улмаар өнгөрсөн онд Малайзын шүүх Малайзын Засгийн газар болон Абдул Разак нарыг тус бүр 4.7 сая ринггитийг хохирлын нөхөн төлбөрт төлж, давж заалдах шатны шийдвэр гартал төлбөрийг урьдчилан байршуулсан байх ёстой гэж шийдвэрлэж байлаа.

    Cэтгэгдэл бичих