
Зургийг: Krisztian Bocsi/Bloomberg
(Bloomberg) -- Олон Улсын Валютын Сан энэ оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бага зэрэг нэмэгдүүлсэн ч хиймэл оюуны салбарын хөөсрөл, худалдаа, геополитикийн хурцадмал байдал эрсдэл дагуулах хэвээр байхыг анхааруулав.
Тус байгууллага 2026 онд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүн 3.3 хувиар өснө гэж төсөөллөө шинэчилсэн нь аравдугаар сард танилцуулсан 3.1 хувиас ахисан дүн болж байна. Харин 2027 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 3.2 хувьд хэвээр хадгаллаа.
Хиймэл оюуны тэсрэлт хөрөнгийн зах зээлийг эрчимжүүлж, худалдааны хурцадмал байдал харьцангуй намжсан нь дэлхийн эдийн засгийн тогтвортой байдалд тодорхой хэмжээнд нөлөөлж байна. Ялангуяа Хойд Америк, Азийн орнуудад хиймэл оюун зэрэг технологийн чиглэлийн зарцуулалт эрс нэмэгдэж буй нь өсөлтийн гол хөдөлгөгч хүчин зүйл болохоор байгааг шинэ тайланд тусгажээ. Хэдий тийм боловч хэрэв шинэ технологиос хүлээгдэж буй бодит үр ашиг хүлээлтэд хүрэхгүй тохиолдолд зах зээлд “огцом уналт” үүсгэнэ гэдгийг анхаарууллаа.
Цаашлаад уналт бусад салбарт тархаж, өрхийн хөрөнгө , хөрөнгө оруулалтын үнэ цэнийг доройтуулж болзошгүйг тодотгосон байна.
Олон Улсын Валютын Сангийн тэргүүн Кристалина Георгиева "Гринландын асуудлаарх хурцадмал байдлын эдийн засагт үзүүлэх нөлөөг одоогоор үнэлэхэд хэтэрхий эрт байгаа ч дэлхийн эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж болзошгүй" гэж анхааруулав. Мөн хамгийн зөв арга бол харилцан зөвшилцөлд хүрэх арга замыг эрэлхийлэх ба энэ нь бүх талд ашигтай тусах болно” гэж байр сууриа илэрхийлсэн байна.