
Зургийг: Stefan Wermuth/Bloomberg
(Bloomberg) – АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эдийн засгийг хэрхэн орвонгоор нь эргүүлэхийг Швейцарын Давост чуулсан хөрөнгөтнүүд, эрх мэдэлтнүүд анхааралтай ажиглаж байна.
Дэлхийн Эдийн Засгийн Форум хөшгөө нээж буй энэ үед Гүйцэтгэх захирлууд, хөрөнгө оруулалтын магнатууд, хиймэл оюуны тэрбумтнууд юуг яс махандаа тултал мэдэрч байгааг Их Британийн Ерөнхий сайд асан Риши Сунак тодорхой тайлбарлалаа.
“Хуучин дэг журам одоо үгүй болсон. Бидний харж өссөн, бизнесүүдийн дасал болсон дүрэм журамд суурилсан систем одоо устаад байна. Хүмүүс үүнийг хэр хурдан ухаарна, төдий чинээ сайн” хэмээн тэрбээр өгүүлжээ.
АНУ холбоотнууддаа дайсан мэт хандаж, Венесуэлийн газрын тосыг өөрсдийн болгож, Данийг Гринланд арлаа өгөхийг шаардаж, эсэргүүцсэн улс бүрийг тарифаар дарамтлах болсон өнөөгийн олон улсын энэ тавцанд Дональд Трампын “Truth Social”-даа оруулах дараагийн пост бүхэл бүтэн эдийн засаг, бизнесүүд, зах зээлүүдийг ганхуулахад гайхах зүйлгүй. Хэдий тийм боловч эдгээрийг үл харгалзан Дональд Трамп өөрийн хүчийг улам зузаатгах бааз сууриа өргөжүүлээд байна.
Цахиурын хөндий болон Дональд Трампын ээдрээтэй харилцаа өдгөө дотно нөхөрлөл болж хувираад буй. Хиймэл оюуны салбарт баримталсан “Америк нэгдүгээрт” бодлого нь технологийн бүхий л аваргууд өөрийг нь дагахад дэм болж, Цагаан ордон гэнэтийн, хүч түрсэн бодлогоор худалдаанд суурилсан уламжлалт дипломат харилцааг орлох болов.
Дональд Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаанаас нэг жил өнгөрч, гурван жил дутуу байгаа энэ үед Дэлхийн Эдийн Засгийн Форум энэ оны сэдвээ “Хамтын ажиллагааны мөн чанар” гэж тодорхойлсон нь бодит байдалтай эсрэгцэж магадгүй. Тиймдээ ч Дональд Трамп Давост очих тухай мэдээлэл гарсан даруйд олон улсын бодлого тодорхойлогчид тийзээ захиалахаар яарчээ. Дэлхийн 60 гаруй улсын Төрийн тэргүүн оролцохоор байгаа тул энэ жилийн чуулган Дэлхийн Эдийн Засгийн Форумын түүхэн дэх хамгийн том нь болох төлөвтэй.
“Дональд Трамп чуулганд оролцоно гэсэн дохио эрт өгсөн учраас Төрийн тэргүүн бүр түүнтэй уулзахаар ирж байна” хэмээн Дэлхийн Эдийн Засгийн Форумын үйл ажиллагааны программ хангамжийг хариуцаж буй “Salesforce” компанийн Гүйцэтгэх захирал Марк Бениоф онцолж байна.
"Bloomberg TV Mongolia"-ийн тусгай хөтөлбөр тун удахгүй
Дэлхийн 130 гаруй орны Төр, бизнес, иргэний нийгмийн 3000 гаруй удирдагч, манлайлагч цуглах Дэлхийн Эдийн Засгийн Форумыг "Bloomberg TV Mongolia" 11 дэх жилдээ сурвалжилж байна.
Геополитикийн салхи эргэж, олон улсын тогтсон дэг журам өөрчлөгдөж, эрчим хүч болон хиймэл оюуны шилжилт эрчимжихийн хажуугаар уур амьсгалын өөрчлөлтийн асуудал улам хурцаар тавигдах болсон энэ цаг үед Давост чуулсан бодлого тодорхойлогчид юу хэлж, ямар шийдэл дэвшүүлэх нь тун их анхаарал татаж байна.
Энэ утгаараа “Bloomberg TV Mongolia” чуулганы өдрүүдэд дараах нэр хүндтэй зочидтой тусгай ярилцлага хийж, 2026 оны өнгийг тодорхойлох чиг хандлага, санаанууд, байр сууриудыг хүргэхээр бэлтгэж байна.
Нэгдүгээр сарын 23-ны өдөр хүрэх "Давос-2026" тусгай хөтөлбөртэй хамт байгаарай.
#BTVM #Davos2026