
Зургийг: Э.Тэнгис
Монголд хөрөнгийн зах зээл үүсэж хөгжсөний 35 жилийн ой тохиож байгаатай зэрэгцээд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 14 их наяд төгрөг давж, дээд түвшнээ шинэчиллээ.
Анх 1991 онд өмч хувьчлалын хүрээнд анх улсын 475 үйлдвэрийн газрын 8.2 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 96.1 сая ширхэг хувьцааг Монголын Хөрөнгийн биржээр дамжуулж хөрөнгө оруулалтын эрхийн бичиг хэлбэрээр эзэмшүүлсэн нь хөрөнгийн захын эхлэл болж байв. Түүнээс хойш хувьцаанаас гадна бонд, Засгийн газрын үнэт цаас, сангийн нэгж эрх, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа Монголын Хөрөнгийн биржээр явагддаг болсон байна. Сүүлийн таван жилд л гэхэд үнэт цаасны арилжааны хэмжээ 20 дахин нэмэгдэж, 1.3 их наяд төгрөг хүрчээ.
Монголын Хөрөнгийн бирж дунд хугацаандаа компанийн засаглалыг сайжруулах, дэд бүтцийн аюулгүй байдал зэрэг таван чиглэлд төвлөрөхийг онцолж байна.
Үүнээс гадна сүүлийн жилүүдэд гадаадын Хөрөнгийн биржүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлд Шанхай, Хонгконг, Сингапур, Сөүл, Нью-Йорк болон Бээжин хотод "Mongolia’s Capital Market Connectivity” цуврал арга хэмжээг зохион байгуулаад байгааг Санхүүгийн Зохицуулах Хороо мэдээллээ.