logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    БНХАУ-ын төрөлтийн түвшин 1949 оноос хойших доод түвшинд хүрч буурлаа
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 19 15:30
    321

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    Төрөлт буурсны улмаас БНХАУ-ын хүн ам өнгөрсөн онд 3.4 саяар буурч, 1.405 тэрбум болжээ

    (Bloomberg) -- Өнгөрсөн онд БНХАУ-ын төрөлтийн түвшин 1949 оноос хойших доод түвшинд хүрсэн байна. Бээжингийн эрх баригчид хосуудыг хүүхэдтэй болохыг урамшуулсан шинэ татаасны арга хэмжээнүүд нэвтрүүлж буйг үл харгалзан тус улсын хүн ам зүйн хямрал улам гүнзгийрсний илрэл нь энэ боллоо.

    Даваа гарагт БНХАУ-ын Үндэсний статистикийн товчооны гаргасан тайланд мэдээлснээр 2025 онд 1000 хүнд ногдох төрөлтийн тоо 5.6 байсан нь БНХАУ байгуулагдсан жилээс хойших доод үзүүлэлт аж. Мөн шинээр төрсөн хүүхдийн тоо өмнөх оноосоо 1.6 саяар буурч, 7.9 сая болсон нь 2020 оноос хойших хамгийн огцом бууралт болж байна.

    Эцэг, эхчүүдэд мөнгөн урамшуулал олгох зэргээр хүүхэд төрүүлж, өсгөхөд ээлтэй нийгэм цогцлоох Ерөнхийлөгч Ши Жиньпиний санаачилгад бэрхшээл тулгарсныг дээрх тоонууд харуулж байна. Төрөлт буурсны үр дагаварт БНХАУ-ын нийт хүн ам өнгөрсөн онд 3.4 саяар буурч, 1.405 тэрбум болсон байна. Мао Зэдуний засаглалын үед тохиосон 1960 оны Их Өлсгөлөнгөөс хойш тус улсын хүн ам нэг жилд ингэж огцом буурсан түүхгүй аж.

    unnamed (3).jpg

    Ажиллах хүч хумигдаж, хүн ам хөгшрөх нь дэлхийн хоёр дахь том эдийн засагтай БНХАУ-д томоохон аюул болох юм. Өндөр настай иргэдийн тоо нэмэгдэх тусам ажиллагч-тэтгэвэр авагчийн харьцаа багасаж, санхүүжилт нь хэдийнээ дутагдаж эхэлсэн тус улсын тэтгэврийн системд ачаалал улам нэмж байна.

    Бүтцийн шинжтэй энэ асуудлыг шийдэхийн тулд БНХАУ-ын Засгийн газар сүүлийн жилүүдэд жирэмсний болон амаржсаны амралтын хугацааг сунгах, гэрлэлт бүртгүүлэх явцыг хялбаршуулах зэргээр төрөлтийг дэмжих цуврал арга хэмжээ хэрэгжүүлээд байгаа юм.

    Cэтгэгдэл бичих