
Зургийг: mining.com
“Rio Tinto” групп “Glencore”-ийн бүх хувьцааг худалдан авах санал тавьж магадгүй гэсэн хүлээлт нэмэгдэж байна гэж “RBC Capital Markets” мэдээллээ.
“Rio Tinto” групп “Glencore” компанийн хувьцааг зах зээлийн ханшаас нь 15-30 хувиар өндрөөр үнэлж, худалдан авах санал тавьж магадгүй. Ингэснээр “BHP” компани “Glencore”-той хэлцэл хийхээс сэргийлэх боломжтой гэж “RBC Capital Markets”-ийн уул уурхайн зах зээлийн шинжээч Бен Дэвис баасан гарагт мэдээлэв. Ингэснээр “Glencore”-ийн зах зээлийн үнэлгээ 87 тэрбум ам.доллар хүрч магадгүй юм. Гэхдээ богино хугацаанд хөрөнгийн үнэлгээг нэмэгдүүлэх бус зэсийн нийлүүлэлтийн сүлжээг баталгаажуулах нь “Rio Tinto”-ийн гол зорилго гэж Бен Дэвис онцолсон байна.
“Glencore” болон “Rio Tinto” өнгөрсөн долоо хоногт хэлцлийн боломжит хувилбаруудад бүх хувьцаагаа нэгтгэх сонголт багтаж байгааг мэдээлсэн юм.
“Glencore” компанийн зах зээлийн үнэлгээ ойролцоогоор 76 тэрбум ам.доллар байгаа бол “Rio Tinto”-ийн үнэлгээ 145 орчим тэрбум ам.доллар байна.