
Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
2020-2024 онд Монгол Улсын жилийн эдийн засгийн өсөлтийн дунджаар 11.7 хувийг уул уурхайн салбар бүрдүүлжээ. Энэхүү үзүүлэлт нь 2015-2019 оны хооронд 21.5 хувьтай тэнцэж байсантай харьцуулбал тус салбарын нөлөөлөл харьцангуй буурсныг харуулж байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харвал 2025 оны III улиралд дотоодын нийт бүтээгдэхүүн 5.9 хувиар өссөний 3.4 нэгж хувийг хөдөө аж ахуйн салбар бүрдүүлжээ. Харин уул уурхай, олборлолтын салбар 1.1 нэгж хувийг буюу нийт өсөлтийн 18.3 хувийг бүрдүүлж, сүүлийн таван жилийн дунджийг давсан юм.
2010-2015 оны хооронд уул уурхайн олборлолт болон үйлдвэрлэлийн эдийн засагт үзүүлэх нөлөө жил бүр нэмэгдсээр оргил түвшинд хүрчээ. 2015 онд нийт эдийн засгийн өсөлтийн 132.6 хувийг бүрдүүлж, бусдаар агших байсан эдийн засгийг дангаараа хөдөлгөж байв.
Харин 2016 онд таваарын үнийн огцом уналт зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан тухайн салбар нийтдээ агшиж, эдийн засгийн доош татжээ. Энэ нь Монгол Улсын эдийн засаг нийт экспортын 80 гаруй хувийг бүрдүүлдэг эрдэс бүтээгдэхүүнээс өндөр хамааралтайн дахин нэг баталгаа болж буй.