logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Улсын нэгдсэн төсөв 2025 оны эцэст ₮1.2 их наядын алдагдалтай гарлаа
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 16 11:00
    380

    Зургийг: Э.Тэнгис

    Тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 30.1 их наяд төгрөг хүрч, өмнөх оноос 1.3 хувиар өсөв

    2025 оны эцэст урьдчилсан гүйцэтгэлээр улсын нэгдсэн төсөв 1.2 их наяд төгрөгийн алдагдалтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Оны эхний 11 сарын байдлаар 1.8 их наяд төгрөгийн алдагдалтай байснаас буурсан бол 2024 оны дүнгээс 33.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

    Тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 30.1 их наяд төгрөг хүрч, өмнөх оноос 1.3 хувиар өссөн бол зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2.3 хувиар нэмэгдэж, 31.3 их наяд төгрөг боллоо.

    Нүүрсний үнийн уналтаас шалтгаалан 2025 оны төсөв анх батлагдсан дүнгээсээ оны эцэст 3.3 орчим их наяд төгрөгөөр тасрах эрсдэл байгаа гэж тооцоолж, долоодугаар сард тодотгол хийсэн. Орлогыг 3.9 их наяд төгрөгөөр бууруулж, зарлагыг 1.8 их наяд төгрөгөөр танасан.

    Ингэхдээ нүүрсний экспортын биет хэмжээг 85 сая тонн хэвээр үлдээж, тонн тутмыг нь 70 ам.доллароор худалдахаар тооцоолсон юм. Харин оны эцэс гэхэд нийт 83.9 сая тонн нүүрс экспортолж, 5.5 тэрбум ам.долларын орлого олсноор өмнөх оноос 34.8 хувиар буурчээ. Хэдий тийм боловч зэсийн баяжмалын экспортын орлого 75 хувиар өссөнөөр нүүрсний орлогын алдагдлыг тодорхой хэмжээгээр нөхсөн байна.

    Үүнээс гадна өнгөрсөн онд нийт импорт 2.6 хувиар, түүний дотор онцгой албан татвар ногдуулдаг автомашины импорт 25 гаруй хувиар буурсан. Энэ нь гаалийн татварын орлого буурахад нөлөөлж буйг Сангийн сайд мэдээлж байсан юм.

    Урьдчилсан гүйцэтгэлээр 2025 оны эцэст татварын нийт орлого 27.1 их наяд төгрөг болж, 331.5 тэрбум төгрөгөөр буурчээ. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 1.2 их наяд төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлсөн байна. Нөгөө талдаа нийгмийн даатгал, НӨАТ, хөрөнгийн албан татварын орлого 6.1-32.3 хувиар өссөн байна.

    Төсвийн зарлага 2.3 хувиар нэмэгдэхэд бараа үйлчилгээний зардал 5.3 хувиар, урсгал шилжүүлэг 12.8 хувиар тус тус өссөн нь нөлөөлжээ.

    Cэтгэгдэл бичих