
Зургийг: Michael Nagle/Bloomberg
(Bloomberg) -- Чип үйлдвэрлэгч Тайванийн "Taiwan Semiconductor Manufacturing" (TSMC) компани 12 дугаар сараар эцэслэсэн IV улиралд 16 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажилласан нь шинжээчдийн өмнө нь танилцуулсан өөдрөг төсөөллийг даваад байна.
Тус компанийн цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 35 хувиар өссөнтэй зэрэгцээд борлуулалтын орлого нь 20.5 хувиар эрчимжиж, 33.7 тэрбум ам.доллар хүрчээ. Ингэснээр 2025 онд “TSMC”-ийн борлуулалтын нийт орлого бүтэн жилийн гүйцэтгэлээр анх удаа 100 тэрбум ам.доллар давсан амжилттай байна.
Олон улсын хэмжээнд хиймэл оюуны чипээр дүүргэх дата төвүүд барих төслүүдийн хөрөнгө оруулалтын зардлын төлөвлөгөө нэг их наяд ам.доллар даваад байгаа нь “TSMC”-ийн борлуулалт сүүлийн хоёр жил дараалан 30 хувь давж өсөхөд гол түлхэц болсон байна.
Түүнчлэн тус компани 2026 онд хөрөнгө оруулалтын зардлаа дээд хязгаар нь 56 тэрбум ам.доллар хүргэж нэмэгдүүлэхээр төлөвлөж буйг мэдэгдлээ. Энэ нь хиймэл оюуны эрэлт урт хугацаанд эрчээ алдахгүй үргэлжилнэ гэдэгт итгэж буйн дохио гэдгийг шинжээчид онцолж байна.
Зах зээлийн үнэлгээгээрээ Азидаа тэргүүлж буй “TSMC” компани энэ онд борлуулалтын орлого нь дахин 30 гаруй хувиар өсөх өөдрөг төсөөллийг танилцууллаа.
Хиймэл оюуны ийн тэлэлтийг илтгэх тус компанийн энэхүү өөдрөг төлөв гол түнш болох “Nvidia”-ийн Гүйцэтгэх захирал Женсен Хуаны хурдасгуур чипийн эрэлт өндөр хэвээр байгаа гэсэн энэ сард хийсэн мэдэгдлийн баталгаа болж байна.
Түүнчлэн “Meta Platforms”, “Amazon.com” зэрэг дата төвийн зардлаа асар өндөр дүнгээр нэмэгдүүлж буй компаниудын тогтвортой байдалд болгоомжлол дагуулж байсан асуудлыг намжаахад дэмжлэг болж өгөхөөр байгаа аж.
Өөдрөг тайлан танилцуулах сургаар энэ сарын эхнээс л “TSMC”-ийн хувьцааг худалдан авах хөрөнгө оруулагчдын идэвх эрс эрчимжиж эхэлжээ.
Тайлангаа танилцуулсны дараа Нью-Йоркийн Хөрөнгийн биржид хувьцааны ханш нь хоёр гаруй хувиар эрчимжиж, 335 ам.доллар дөхсөн хөдөлгөөнтэй байна. Сүүлийн нэг жилд 62 хувиар, 2026 он гарсаар ес гаруй хувиар өсөөд байгаа юм.
Харин одоо арилжаачид тус компанийн хувьцааны ханшийн энэ оны өсөлтийн дээд хязгаарыг тооцоолохоор уралдаж эхэлсэн байдалтай байгааг “Bloomberg Intelligence”-ийн шинжээчид онцолж байна.
“TSMC” нь ойрын хугацаанд АНУ болон Тайванийн хооронд байгуулах худалдааны хэлэлцээрийн чухал түлхүүр болох бөгөөд тус компанийн зүгээс АНУ-д олон тооны чип үйлдвэрлэлийн байгууламж барьж, 165 тэрбум ам.доллар хүртэлх дүнгээр хөрөнгө оруулах амлалт өгөх хүлээлттэй байгаа юм.