
Зургийг: Bloomberg TV Mongolia
2026 онд улсын төсвөөс 14 аймагт нийт 254.7 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгохоор байна. Энэ нь 2025 оны төсвийн тодотголд тусгасан хэмжээнээс 6.8 хувиар буурснаас гадна 2023 оноос хойших хамгийн бага дүн юм.
14 аймгаас хамгийн өндөр татаас олгох нь Хөвсгөл буюу нийт 36.8 тэрбум төгрөг олгохоор төлөвлөжээ. Үүний дараа Завхан, Увс, Архангай, Баянхонгор, Хэнтий, Өвөрхангай зэрэг аймаг 20 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний татаас авахаар байна.
2025 онд 12 аймагт улсын төсвөөс татаас олгосон бол энэ онд Булган, Дундговь аймаг нэмэгдэж, Ховд аймагт олгох татаасын хэмжээг өмнөх оноос 80 хувиар бууруулжээ.
Энэ онд нийслэл болон долоон аймаг улсын төсөвт нийт 1.5 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлнэ. Үүнээс 1.1 их наяд төгрөгийг нь Өмнөговь аймаг дангаараа бүрдүүлэхээр байна. Уул уурхайн томоохон компаниуд төвлөрсөн Өмнөговь аймаг сүүлийн 20 орчим жил улсын төсвөөс татаас аваагүй. Харин 20 жилийн хугацаанд нийт зургаан их наяд гаруй төгрөгийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлсэн тооцоолол байна.
Үүнээс гадна нийслэл 263.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Дорноговь, Дорнод, Төв зэрэг уул уурхай, үйлдвэр, боомт, дэд бүтэц төвлөрсөн аймгууд төсвөө бие даан бүрдүүлэхээс гадна улсын төсөвт орлого төвлөрүүлж байна.
Мөн 2026 онд Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд нийт 440.9 тэрбум төгрөг шилжүүлэхээр баталсан нь өмнөх оноос 5.9 хувиар өссөн дүн болж байгаа юм.
Орон нутагт газар олгох зөвшөөрлийг Засгийн газар шийдвэрлэдэг болсон нь томоохон бэрхшээл дагуулж байна. Бие даасан 26 агентлаг орон нутагт байгаа ч найм нь аймгийн Засаг даргын харьяанд, үлдсэн нь босоо удирдлагатай байгаа зохицуулалтыг эргэн харах шаардлага байгааг Засаг дарга нар тодотгосон.
Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр
Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр
Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун