
Зургийг: Andrew Harrer/Bloomberg
(Bloomberg) -- АНУ-ын Төрийн Департамент нэгдүгээр сарын 21-нээс эхлэн дэлхийн 75 улсын иргэдэд цагаачлалын виз олгох үйл явцыг тодорхойгүй хугацаанд зогсоохоор шийдвэрлэснээ зарлалаа.
Иргэд нь АНУ-д амьдрахдаа нийгмийн халамж, дэмжлэгт хамрагдах өндөр магадлалтай гэж үзсэн улс орнуудыг жагсаалтад багтаасан байна. Энэхүү шийдвэр нь АНУ-д зөвхөн байнга оршин сууж, ажиллах зорилготой иргэдийг хамруулах бөгөөд цагаачлалын бус аялал жуулчлал, албан болон бизнес, сурах, оюутан солилцоогоор тус улсыг зорих иргэдэд виз олголт хэвийн үргэлжлэх юм байна.
Шинэ журамд хамруулсан улс орнуудын тоонд ОХУ, Бразил, Тайланд, Казахстан зэрэг улс байгаа нь анхаарал татахаас гадна Монгол Улс мөн багтсан байна. Виз олголтыг сэргээх шийдвэр гарах хүртэл цагаачлалын виз олгохгүй ч жагсаалтад багтсан улсуудын иргэдэд цагаачлалын визийн ярилцлагыг үргэлжлүүлэн товлохыг Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яам мэдээлсэн. Мөн хүчинтэй визтэй иргэдийн цагаачлалын визийг цуцлахгүйг тодотгожээ.
Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа дэлхийд хамгийн хатуу хяналттай системүүдийн нэгт тооцогдсоор ирсэн АНУ-ын виз олголтын журмыг сүүлийн нэг жилийн хугацаанд улам чангаруулаад байгаа юм. Харин энэ удаагийн шийдвэр нь гэр бүлийн шалтгаанаар цагаачлал хүсэгчид буюу эцэг эх, гэр бүлийн хүн, хүүхдээ даган АНУ-д оршин суух зорилготой иргэдэд хүндхэн тусахаар байна. 2023 оны байдлаар АНУ-д нийт 50 мянга орчим монгол гаралтай иргэн бүртгэлтэй байгааг тус улсын Хүн амын тооллогын товчооны тайланд мэдээлсэн байна.
Цагаачлалын виз олголтыг зогсоох шийдвэр нь "Цагаач иргэд нь АНУ-д ирээд ихэвчлэн нийгэмд ачаа болдог" улсуудыг хамарч буй бөгөөд "Америкийн ард түмний хөрөнгийг завших хүсэлтэй хүмүүс АНУ-ын цагаачлалын системийг урвуулан ашиглах явдлыг зогсоох" зорилготой хэмээн Төрийн Департаментын хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.