
Зургийг: Qilai Shen/Bloomberg
(Bloomberg) -- БНХАУ-ын гадаад худалдааны ашиг 2025 онд 1.2 их наяд ам.доллар хүрч, бүх цаг үеийн дээд хэмжээгээ шинэчиллээ. АНУ-ын арга хэмжээнээс үүдэн тус улсад хийх экспорт буурсан ч 12 дугаар сард БНХАУ-ын нийт экспорт өмнөх оны мөн үеэс 6.6 хувиар нэмэгдсэн нь сүүлийн гурван сарын хамгийн өндөр өсөлт болжээ.
Харин импорт нь 5.7 хувиар өссөнөөр гадаад худалдааны ашиг нь 114 тэрбум ам.доллар буюу сүүлийн зургаан сарын дээд түвшинд хүрснийг БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар мэдээлсэн байна.
Өнгөрсөн онд тус улсын өндөр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспорт эрс нэмэгдсэн бөгөөд тэр дундаа хагас дамжуулагч, автомашин, хөлөг онгоц зэрэг бүтээгдэхүүний нийлүүлэлт нь 20 гаруй хувиар өсжээ. Харин тоглоом, гутал, хувцас зэрэг хямд үнэтэй бараа, бүтээгдэхүүний экспорт буурсан байна.
2025 онд АНУ-д хийх экспорт 20 хувиар унасан ч Зүүн Өмнөд Азийн орнуудыг чиглэсэн нийлүүлэлт 13 хувиар, Африкийн орнуудад хийх экспорт 26 хувиар, Европын Холбоо болон Латин Америкт хийх экспорт найман хувиар болон долоон хувиар өсжээ. Хэдий тийм боловч эдийн засаг болон геополитикийн эрсдэлүүд хэвээр байгааг шинжээчид онцолж байна. Тухайлбал: энэ долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эдийн засгийн түнш орнуудын бараа, бүтээгдэхүүнд нэмэлт тариф ногдуулах талаар мэдэгдсэн нь БНХАУ-тай байгуулсан нэг жилийн хугацаатай худалдааны гэрээнд нөлөөлөх эрсдэлтэй байна.