
Зургийг: Chris Ratcliffe/Bloomberg
Өнгөрсөн оны эхний 10 сарын байдлаар цахим орчимд үйлдэгдсэн залилангийн хэргийн улмаас 19.1 тэрбум төгрөгийн хохирол учирсныг Санхүүгийн зохицуулах хороо мэдээллээ.
2025 оны I-X сард цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн дөрөвний нэг орчмыг цахим орчинд үйлдэгдсэн санхүүгийн залилангийн хэрэг эзэлжээ.
Нийт 10 мянга гаруй цахим залилангийн хэрэг бүртгэгдсэний 85.3 хувь нь санхүүгийн залилан байна. Энэ хугацаанд хохирсон иргэдийн 11.6 тэрбум төгрөгийн шилжүүлгийг хязгаарлаж, 691 иргэнд 1.6 тэрбум төгрөг нөхөн төлүүлжээ.
Зөвхөн 12 дугаар сарын 26-наас нэгдүгээр сарын хоёрны өдөр хүртэлх зөвхөн нэг долоо хоногийн хугацаанд 247 мянган кибер аюул, заналхийллийн тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ дунд санхүүгийн залилан ч багтаж буйг Кибер аюулгүй байдлын зөвлөл мэдээлжээ.
Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн дийлэнхийг “Facebook” хаягаар мөнгө шилжүүлэхийг хүссэн, “Telegram”-аар даалгавар биелүүлж ашиг олохыг амласан, зээлийн эрх нэмэгдүүлэх нэрээр мэдээлэл авсан зэрэг хэрэг эзэлж байна. Тэр дундаа 35-аас дээш насны иргэд цахим мэдээллийнхээ аюулгүй байдлыг хамгаалах чадвар сул учраас энэ насныхан хамгийн ихээр гэмт хэрэгт өртдөгийг Цагдаагийн ерөнхий газар анхааруулсан байна.
Үүнээс гадна интернэт банкийг нь ашиглаж залилан хийх хэрэг нэмэгдэж байгааг мөн онцоллоо. Тодруулбал: гэмт этгээдүүд банк, санхүүгийн байгууллагын нэрийг барьж, "Зээл олгоно", "Буцалтгүй тусламж үзүүлнэ" гэх мэт худал мэдээлэл тараан, фишинг төрлийн холбоос илгээж, интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг, баталгаажуулах код зэрэг хувийн мэдээллийг авдаг аж.
2024 оны дэлхийн кибер аюулгүй байдлын индексэд Монгол Улс гуравдугаар түвшинд багтсан тайланг Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага өнгөрсөн оны есдүгээр сард мэдээлж байв. Энэ нь бэхжиж байгаа буюу яг кибер аюулгүй байдал нь дундаж түвшинд байгааг илэрхийлж буй аж. Цааштд цахим залилан нэмэгдсээр байвал Монгол Улсын дундаж орлоготой өрхийн орлогод хохирол учруулах эрсдэлтэйг OECD-ийн 2023 оны тайланд тодотгож байв.
Харин дэлхийн кибер аюулгүй байдлын индексэд тэргүүлж байгаа буюу жишиг болж буй улсаар Австрали, Бельги, Дани зэрэг Европын Холбооны орнууд болон Сингапур, Малайз зэрэг улс нэрлэгдэж байна.
“Comptia” олон улсын технологийн компанийн тооцоолсноор 2025 онд дэлхий даяарх цахим залилангийн гэмт хэрэг бараг 10.5 их наяд ам.доллар хүрсэн байна. Энэ нь 2024 онтой харьцуулахад 10 хувиар өсөж, бараг зарим улсын дотоодын нийт бүтээгдэхүүнээс ч давсан дүн юм.