
Зургийг: Э.Тэнгис
Дотоодын хөрөнгийн зах зээлийн жишиг “Топ-20” индексийн сагсыг энэ сардаа багтаад шинэчлэхээр байгааг Монголын Хөрөнгийн бирж мэдээллээ.
“Топ-20” индексийн багц бүрдүүлэхдээ Монголын Хөрөнгийн биржийн “Үнэт цаасны үнийн индекс тооцох журам”-ын дагуу биржид бүртгэлтэй бүх компанийг зах зээлийн үнэлгээ, арилжааны өдрийн дундаж гүйлгээ гэсэн хоёр үзүүлэлтээр хамгийн өндөр гүйцэтгэлтэй гарсан компаниудыг сонгодог.
Хэрэв хоёр компанийн үзүүлэлт ижил байвал зах зээлийн үнэлгээ өндөртэй компанийг сонгоно.
2025 оны энгийн арилжаагаар үнийн дүнгээр идэвхтэй арилжаалагдсан Монголын Хөрөнгийн биржээс нэрлэсэн 30 хувьцааны эхний 20-д багтаж буй одоогийн “Топ-20”-ийн сагсанд багтдаггүй компаниудаас “Эм Жи Эл Акуа”, “Дархан нэхий” болон “Тэнгэр даатгал” ХК-ийг онцолж болохоор байна.
Санхүүгийн зохицуулах хорооны тайлангаас харахад “Топ-20” индексийн сагсанд багтдаг компаниудын зах зээлийн үнэлгээгээр тооцоход индексийн 65.2 хувийг банк санхүүгийн салбар, 16.8 хувь болон 16.1 хувьд аж үйлдвэр, уул уурхайн компани жин дарж байна.