
Зургийг: Matt Jelonek/Bloomberg
(Bloomberg) -- “Rio Tinto” компани “Glencore”-ийг худалдан авах хэлцэлдээ зориулж олон улсын нэр хүндтэй банкирууд, хэлцлийн мэргэжилтнүүдийг хөлслөөд буйг ойрын эх сурвалж мэдээллээ. Тухайлбал: Их Британийн топ хэлцэл хийгчдийн нэг, одоо “Evercore” компанид харьяалагдаж буй Саймон Роби, мөн “JPMorgan Chase” банк, “Macquarie Group”-тэй хамтран ажиллаж байгаа юм байна.
Харин “Rio Tinto”-ийн гол брокеруудын нэг “UBS Group” одоохондоо тус хэлцэлд идэвхтэй оролцоогүй байгааг эх сурвалж мэдээлжээ. Мөн “Glencore”-той удаан хугацаанд ойрын холбоотой ажиллаж, сүүлийн үеийн хэлцлүүдэд нь оролцсон “Citigroup” энэхүү хэлцэлд үүрэг гүйцэтгэхээр яригдаж байгааг дурдлаа.
“Citigroup”, “JPMorgan Chase” болон “UBS Group” банк бүгд ойрын өдрүүдэд “Rio Tinto” болон “Glencore”-ийн хувьцаанд зэрэглэл тогтоох ажиллагаагаа зогсоогоод байгаа юм.
Энэ сард дээрх хоёр компани эхэн шатны яриа хэлэлцээ хийж эхэлснээ зарласнаас хойш “Bank of America”, “Goldman Sachs” зэрэг “Wall Street”-ийн топ банкнууд энэхүү нүсэр хэлцэлд оролцохоор яаравчилсныг эх сурвалж мэдээлээд байна. Өнгөрсөн онд “Rio Tinto” компани “Arcadium Lithium”-ийг 6.7 тэрбум ам.доллароор худалдан авахад “Goldman”, “JPMorgan Chase” банкнууд зөвлөх үйлчилгээ үзүүлж байлаа.
Нэгдэх хэлцэл дахин эхэлснээс хойш “Glencore” компанийн хувьцааны ханш 9.3 хувиар өсөх хөдөлгөөн ажиглагдсан юм. Түүнээс хойш харьцангуй тогтвортой байна.
Харин “Rio Tinto”-ийн хувьцааны ханш Австралийн Хөрөнгийн биржид огцом унаад байсан бол мягмар гарагаас хойш уналтаа бага зэрэг нөхөж авсан байна.