
Зургийг: Taylor Weidman/Bloomberg
Оны хоёрдугаар хагаст арилжаа эрс сэргэснээр Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд бүх цаг үеийн дээд хэмжээгээ шинэчилсэн байна.
Жилийн турш нийт 89.71 сая тонн нүүрс экспортолсон нь 2024 онд 84 сая тонныг гаргаж байснаас 7.5 хувиар өссөн үзүүлэлт болсныг Гаалийн Ерөнхий Газрын мэдээлэл харуулж байна. Мөн 2025 оны төсөвт тусгасан 85 сая тонныг экспортлох зорилтыг давуулан биелүүлэв.
БНХАУ-ын гангийн зах зээлд нийлүүлэлтийн илүүдэл үүсэж, ган үйлдвэрлэлийн гол орц коксжих нүүрсний эрэлт буурснаар оны эхний саруудад Монголын нүүрсний экспорт эрс унаад байсан юм. Харин долоодугаар сард нүүрсний эрэлт болон үнэ "V" хэлбэрээр сэргэснээр дотоодын уул уурхайн биржийн нүүрсний арилжаа дагаад хурдацтай өсөж, экспортын биет хэмжээний дээд үзүүлэлтийг сүүлийн гурван жил дараалан шинэчлэхэд түлхэц боллоо.
Нүүрсний төрлийн хувьд 84.2 сая тонныг чулуун болон антрацит нүүрс, 5.76 сая тонныг хүрэн нүүрс бүрдүүлжээ. Тавдугаар сард 10 тонн хүрэн нүүрс ОХУ-д экспортолсныг эс тооцвол 2025 онд Монгол Улсын экспортын нүүрс ерөнхийдөө 100 хувь БНХАУ руу гарсан байна. Тус улсын коксжих нүүрсний нийт импортын 50 орчим хувийг хангадаг гол түнш нь Монгол хэвээр байгаа юм.
Биет хэмжээний хувьд хэдий сайн үзүүлэлттэй ч нүүрсний үнийн бууралтаас шалтгаалан экспортын үнийн дүн өмнөх онтой харьцуулахад 33.7 хувиар буурч, 5.77 тэрбум ам.доллар болсон байна. Экспортын дундаж үнэ 2024 оныхоос 38 хувиар доогуур буюу 64 ам.доллар орчим байсныг “Mysteel Global” тооцоолжээ.
БНХАУ-ын орон сууцны зах зээл уналттай, дэд бүтцийн хөрөнгө оруулалт татуу байгаа нь ган, гангийн бүтээгдэхүүний эрэлтийг сулруулж, цаашлаад коксжих нүүрс болон коксын үнэд дарамт болж буй. Эдгээр суурь нөлөөллүүд 2026 онд ч хадгалагдаж, улмаар коксжих нүүрсний үнэ 2026 онд 1-3 хувиар буурах төлөвтэй гэсэн төсөөллийг "Bloomberg Intelligence"-ийн шинжээчид танилцуулж байлаа.