
Зургийг: Gabby Jones/Bloomberg
(Bloomberg) -- “Google”-ийн толгой компани “Alphabet”-ийн зах зээлийн үнэлгээ даваа гарагт дөрвөн их наяд ам.доллар давлаа. Ингэснээр хиймэл оюуны тэсрэлтээс хамгийн их ашиг хүртэж буй компаниудын нэгд тооцогдож байна. Тодруулбал: тус компани хиймэл оюуны чиглэлд “Apple”-тай урт хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулснаа мэдээллээ.
Үүний дараа даваа гарагийн арилжаагаар “Alphabet”-ийн хувьцааны ханш нь нэг хувиар өссөнөөр нэгж хувьцааны үнэлгээ нь 331.86 ам.доллар хүрсэн байна. Харин “Apple”-ийн хувьцааны ханш 0.3 хувийн өсөлттэй хаагдсан юм.
Өмнө нь зөвхөн “Nvidia”, “Apple” болон “Microsoft” компанийн зах зээлийн үнэлгээ л дөрвөн их наяд ам.долларын босго давж байжээ.
“Alphabet” зах зээлийн үнэлгээгээрээ “Apple”-ийг ардаа орхисноор дэлхийн хоёр дахь хамгийн том компанид тооцогдож байна. Энэ он гарсаар “Alphabet”-ийн хувьцааны ханш зургаа орчим хувиар өсөөд байгаа юм.