
Зургийг: Bloomberg.com
2030 он гэхэд хиймэл оюун ухаан нь дэлхийн хөдөлмөрийн зах зээлийг сууриар нь өөрчлөхийг Дэлхийн Эдийн Засгийн Форум нэгдүгээр сард танилцуулсан тайландаа онцоллоо. Хиймэл оюун туршилтын үеэс үйл ажиллагаанд нэвтрүүлэх шат руу шилжсэнээр бизнес, ажилтнууд, дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлөх нь улам тодорхойгүй болно гэж үзэж байна.
Дэлхийн Эдийн Засгийн Форумын тайланд дурдсан эхний хувилбар нь дэвшилтэт, хурдтай хөгжлийн хувилбар юм. Хиймэл оюун хурдацтай хөгжиж, бүтээмж нэмэгдсэнээр шинэ бизнесийн салбарууд бий болж, олон ажлын байр хувьсан өөрчлөгдөж гэж үзэж байна. Ингэснээр дийлэнх ажлын байр хиймэл оюуныг удирдах буюу хянах ажилд шилжиж, дагалдах ур чадварууд нэн чухал болох ч нийгмийн бодлого, хамгаалалт хоцрогдож, тэгш бус байдал нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулжээ.
Харин хоёр дахь хувилбар нь "ажилтнуудыг бүрэн орлох". Өөрөөр хэлбэл хиймэл оюун хэт хурдтай хөгжсөнөөр хүний ур чадвар үүнтэй уялдан дасан зохицож чадахгүй. Улмаар компаниуд ажлын байрыг өргөн хүрээнд автоматжуулж, дийлэнх ажлын байр устаж, орлогын зөрүү бий болно. Ингэснээр эдийн засаг тэлэх ч нийгэм хуваагдана гэж үзжээ.
Дараагийн хувилбар нь хиймэл оюуныг аажмаар нэвтрүүлж, хүмүүс хиймэл оюунтай хамтран ажиллах ур чадвартай болно гэж төсөөлсөн. Өөрөөр хэлбэл хиймэл оюуны хөгжсөнөөр ажлын байр устах биш, харин ажилтнуудыг дэмжиж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
Дээрх хувилбарыг шинжээчид зорилтот хувилбар гэж тодорхойлсон байна. Хиймэл оюуны хөгжилтэй зэрэгцүүлэн хүмүүсийн ур чадварыг хөгжүүлж, дадлагажуулах нь цаашид илүү аюулгүй хөгжлийн ирээдүйд хөтөлнө гэж үзжээ.
Харин сүүлийн хувилбар нь хоёр дахь хувилбартай төстэй. Бизнесүүд ур чадварын хомсдолыг нөхөхийн тулд үйл ажиллагаагаа автоматжуулна. Өндөр ур чадвартай ажилтнуудын үнэ цэн өсөх ч өдөр тутмын ердийн ажлын байрыг үгүй хийнэ гэж таамагласан байна. Ингэснээр нийгмийн зарим хэсгийн орлого эрс өсөж, заримынх нь огцом буурах юм.
Үүнээс гадна тус тайланд технологи-хүний ур чадварыг хамтад нь хөгжүүлэх, хиймэл оюунтай хамтран ажиллах шинэ ур чадварууд руу хөрөнгө оруулах зэрэг стратегийг санал болгосон.
Мөн боловсрол буюу ур чадварын тогтолцоог уян хатан болгох, мөн органик хамтын ажиллагаа, урт хугацааны ур чадвар хөгжүүлэх бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэж зөвлөжээ.