
Зургийг: Qilai Shen/Bloomberg
(Bloomberg) -- БНХАУ өсөн нэмэгдэж буй төсвийн алдагдлыг нөхөх үүднээс иргэдийнхээ гадаадад байршуулсан их хэмжээний бүртгэлгүй хөрөнгөд татвар ногдуулах үйл ажиллагаагаа эрчимжүүлж эхэлжээ. Хэдий тийм боловч Бээжингийн хатуу чанга хараа хяналтаас үл хамааран уг арга хэмжээг алдаа мадаггүй хэрэгжүүлэхэд бэрхшээл учирч байгаа аж. Гадаадад хураасан хөрөнгийн эзэн хэн болохыг албаныхан тодорхой түвшинд илрүүлэх боломжтой ч хөрөнгийн хэмжээг тодорхойлоход мэдээлэл тун хомс байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор Бээжин, Шэньжэнь зэрэг хотод албаныхан татвараас бултагсдыг мөшгөхөд "их өгөгдөл" ашигласан байна. Мөн хөрөнгө оруулагчдад гадаадад олсон орлого, санхүүгийн хөрөнгө оруулалтаа нарийвчлан тайлагнаж, 2022-2024 оны хооронд төлөөгүй аливаа татвараа тооцож мэдээлэх шаардлага хүргүүлжээ. Энэ нь багагүй сандрал үүсгэж, татварын болон хөрөнгийн удирдлагын зөвлөх үйлчилгээ хайсан иргэдийн тоо эрс нэмэгдэхэд хүргэсэн байна.
Түүнчлэн татварын үлдэгдэлтэй иргэдийг албаныхан хэвлэл мэдээлэл зэрэг сувгаар нийтэд ил тод зарлаж, сануулга өгдөг болох журам гуравдугаар сараас эхлэн хэрэгжих аж.
“Bloomberg Intelligence”-ийн тооцоолсноор 2025 оны эхний 11 сард БНХАУ-аас гарсан энэ төрлийн хөрөнгийн урсгал 940 тэрбум ам.доллар орчим байна. Энэ нь 2006 онд анх дата бүртгэж эхэлснээс хойш жилийн дүнгээр хоёрдугаарт бичигдэх өндөр дүн болох юм.