
Зургийг: Э.Тэнгис
2026 оны эхэнд 68 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гарахаар хүлээгдэж байна.
Өнгөрсөн онд зээл олголт хэт халж байсантай холбоотойгоор зохицуулагч байгууллагуудаас хязгаарлах талд анхаарч эхэлсэн юм. Ингэснээр банк бус санхүүгийн байгууллагууд бонд гаргалтаас хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас руу шилжих болсон. Ингэснээр 2025 онд дотоодын биржүүдэд нийт 171 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гарсан нь хамгийн өндөр дүн боллоо.
Харин 2026 оныг өрийн хэрэгслийн зах зээл бүр эрчтэй эхлүүлэх нь. Өнгөрсөн оны эхний хагас жилд 55 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гарч байсан бол энэ оны эхний улиралд дээрх дүнг давах төлөвтэй байна.
Эдгээр хөрөнгө оруулалтын хэрэгсэл нь зээлийн эргэн төлөлтийн мөнгөн урсгалаар баталгаажсан байдаг гэдэг утгаараа эрсдэл багатай, найдвартай бүтээгдэхүүн болохыг зах зээлд оролцогчид онцолж байв.
Одоогоор “Булл капитал”-ын 18 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас Чингисхаан Хөрөнгийн бирж дээр арилжаалагдахаар байна. Энэ нь тус бирж дээр гарч буй гурав дахь өрийн хэрэгсэл болж буй.
Түүнчлэн Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Инвескор ББСБ” ХК 50 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос аваад байна. Тус компани 2024 оны есдүгээр сард ижил дүнтэй өрийн хэрэгслийг гаргаж байсан бөгөөд хугацаа нь ирэх гуравдугаар сард дуусахаар байгаа юм.
2026 оныг өрийн хэрэгслийн зах зээл эрчтэй эхлүүллээ. Өнгөрсөн оны эхний хагас жилд 55 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гарч байсан бол энэ оны эхний улиралд дээр дүнг давах төлөвтэй байна.