
Зургийг: Carla Gottgens/Bloomberg
(Bloomberg) -- “Rio Tinto” компани салбарын өрсөлдөгч “Glencore”-ийг худалдан авч, нийт 200 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий дэлхийн уул уурхайн хамгийн том компани бий болгох яриа хэлэлцээг дахин эхлүүлжээ.
Одоогоос жил гаруйн өмнө хоёр компани нэгдэн нийлэх асуудлаар хэлэлцсэн ч бүтэлгүйтэж байсан юм. Харин энэ удаа хэлцлийн хүрээнд бүх хувьцааг шилжүүлэн авах, бизнесүүдийнхээ тодорхой хэсгийг, эсвэл бүхэлд нь нэгтгэх зэрэг хувилбаруудыг хэлэлцэж байгааг компаниуд пүрэв гарагт гаргасан мэдэгдэлдээ онцолжээ.
“Rio Tinto”, “Glencore”-ийн нэгдэл нь уул уурхайн салбарын түүхэн дэх хамгийн том хэлцэл болох юм. Ялангуяа эрчим хүчний шилжилтэд нэн чухал металл болох зэсийн үнэ дээд цэгтээ хүрч, компаниуд зэсийн олборлолтоо нэмэгдүүлэх гэрээ хэлцэл хийхээр яаравчилж буй энэ үед асар ач холбогдолтойд тооцогдохоор байна.
“Rio Tinto” болон “Glencore” компани хоёул зэсийн томоохон төслүүд эзэмшдэг. Хэлцэл амжилттай болбол салбартаа удаан хугацаанд ноёрхсон “BHP Group”-тэй өрсөлдөх уул уурхайн аварга компани мэндэлнэ. Хэдий тийм боловч яриа хэлэлцээнд учирч болох саадууд олон бийг шинжээчид өмнө нь онцолж байлаа. “Glencore” нь нүүрсний олборлолтоор дэлхийд тэргүүлэгчдийн нэг бол Rio нүүрсний бизнесээс бүрэн гарсан юм. Мөн хоёр компанийн байгууллагын соёл эрс ялгаатай.
Анхны том шалгалт
Томоохон уурхайнуудын үйл ажиллагаа тасалдаж, мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тогтоож болзошгүй тарифаас өрсөн арилжаалагчид зэсийн нөөц бүрдүүлэхээр яарснаар зэсийн үнэ өнгөрсөн долоо хоногт анх удаагаа тонн нь 13 мянган ам.доллар давсан юм. Өргөн хүрээндээ тус металлын нийлүүлэлт ирээдүйд нэлээн хумигдмал байх төлөвтэйд уул уурхайн хөрөнгө оруулагчид, удирдах түвшнийхэн анхаарал хандуулж буй.
“Rio Tinto”-ийн хувьд “Glencore”-ийг нэгтгэснээр зэсийн үйлдвэрлэлээ даацтай нэмэгдүүлж, мөн дэлхийн хамгийн их нөөцтэй уурхайнуудын нэг болох Чилийн Коллахуасид хувь эзэмших боломжтой болно.
“Rio Tinto”-ийн шинэ Гүйцэтгэх захирал Саймон Тротт ажлаа авснаас хойш зардал бууруулах, бизнесийн бүтцээ оновчлоход төвлөрч, зарим жижиг нэгжээ худалдахаа зарлаад буй. Мөн компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Доминик Бартон хэлэхдээ “Rio Tinto” өмнө хийсэн тааруу үр дүнтэй хэлцлүүдээ ардаа орхиж, цаашид томоохон хэлцэл, худалдан авалт хийхэд илүү нээлттэй хандах дохио өгч байлаа.
“Энэ бол Саймоны Гүйцэтгэх захирлын хувьд өгөх анхны шалгалт нь болно. Хянуур, сахилга баттай арга барилаар энэ хэлцлийг гүйцэтгэнэ гэж таамаглаж байна” хэмээн “Rio Tinto”-ийн хувьцаа эзэмшигч “Wilson Asset Management”-ийн менежер Жон Аюуб хэлжээ.
Их Британийн зах зээлийн журмын дагуу “Rio Tinto” хэлцлийн саналаа хоёрдугаар сарын тавнаас өмнө баталгаажуулах ёстой. Эс тэгвээс дараагийн зургаан сарын хугацаанд дахин санал тавих эрхгүй болох юм.