
Зургийг: Tomohiro Ohsumi/Bloomberg
(Bloomberg) -- Шведийн IKEA компани БНХАУ дахь долоон том худалдааны төвөө хааж, жижиг хэмжээтэй дэлгүүрүүддээ төвлөрч ажиллахаар төлөвлөсөн байна. Тус улсад үл хөдлөх хөрөнгийн хямрал сунжирч, шинэ орон сууцны худалдан авалт буурснаар сүүлийн жилүүдэд IKEA-ийн тавилгын эрэлт суларчээ.
Мөн дотоодын цахим худалдааны хямд үнэтэй брэндүүдийн өрсөлдөөн IKEA-ийн зах зээлд эзлэх хувийг бууруулсан юм.
Хоёрдугаар сарын хоёрноос эхлэн тус компани Шанхай, Гуанжоу, Тяньжин зэрэг хот дахь худалдааны төвүүдийнхээ үйл ажиллагааг зогсоохыг мэдэгдэлдээ дурдсан байна.
Харин ирэх хоёр жилд Бээжин, Шэньжэнь хотод 10 гаруй жижиг дэлгүүр шинээр нээхээр төлөвлөжээ. Хэдийгээр худалдааны төвүүдээ хаасан ч IKEA БНХАУ-д 34 биет дэлгүүр, хоёр цахим дэлгүүр болон бусад дижитал сувгуудаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, нэг тэрбум гаруй хэрэглэгчид хүрч ажиллахаа онцолсон байна.