
Зургийг: Lauren Petracca/Bloomberg
(Bloomberg) -- Хиймэл оюуны эрэлт, батлан хамгаалахын салбарын зарцуулалт нэмэгдсэнтэй зэрэгцээд зэсийн хомсдол улам гүнзгийрэхээр байгааг “S&P Global”-ийн шинэ судалгаа харуулж байна.
Эрэлт эрс нэмэгдэж буй энэ үед уурхайн нийлүүлэлт бүтцийн хязгаарлалтад орсон. Ингэснээр зэсийн хомсдол нь эдийн засгийн өсөлт, технологийн дэвшилтэд саад болох эрсдэлтэйг анхааруулж байна.
Зэсийн эрэлт 2040 он гэхэд одоогийн түвшнээс 50 хувиар өсөж, 42 сая тонн хүрнэ гэж тооцоолжээ. Барилга, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, тээвэр зэрэг уламжлалт салбарууд нийт эрэлтийн дийлэнх хувийг бүрдүүлсээр байх ч цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүч зэрэг эрчим хүчний шилжилттэй холбоотой хэрэглээ эрэлтийг хамгийн өндөр дүнгээр нэмэгдүүлэхээр байна.
Мөн хиймэл оюун, дата төвүүд болон олон улсын батлан хамгаалахын зардалтай холбоотой зэсийн эрэлт 2040 он гэхэд бараг гурав дахин өсөж, дөрөв орчим сая тонн нэмэлт хэрэглээг бий болгоно гэж тооцоолжээ.
Дэлхийн хэмжээнд зэсийн үйлдвэрлэл 2030 онд 33 сая тонн орчим буюу оргил түвшинд хүрч, цаашид буурах төлөвтэй байгаа аж.
Одоогийн уурхайнуудын хүдрийн чанар муудах, шинэ төслүүдийн зөвшөөрөл, санхүүжилт, барилгын ажил саатах зэрэг хүчин зүйлс үүнд голлон нөлөөлөхөөр байна. Ингэснээр 10 сая тонн орчим зөрүү үүснэ гэж үзэж байгаа аж. Хэдийгээр дахин боловсруулсан зэсийн үйлдвэрлэл огцом нэмэгдсэн ч уг зөрүүг бүрэн нөхөж чадахгүйг судалгаанд онцолжээ.