
Зургийг: С.Батсайхан
2026 оны эхний улиралд 60 тэрбум төгрөгийн Засгийн газрын дотоод бонд гарахаар товтой байна. Ирэх гурван сарын хугацаанд сар тутам 20 тэрбум төгрөгийн бондууд арилжаалагдах ба лхагва гарагт нэгдүгээр сарын эхний хоёр бонд арилжаалагдсан байна.
Сангийн яамны мэдээллээр эдгээр бонд нь хагас жил ба хоёр жилийн хугацаатай гарчээ.
26 долоо хоногийн хугацаатай гарсан бондод ирсэн саналын хэмжээ бараг хоёр дахин давж, хүү нь 9.12 хувь дээр тогтсон байна. Энэ нь өнгөрсөн оны 11 дүгээр сард арилжаалагдсан бондын хүүгээс бага зэрэг буурсан үзүүлэлт боллоо.
Түүнчлэн хоёр жилийн хугацаатай бондод мөн адил бараг хоёр дахин давсан санал ирж, хүү нь 10.13 хувь дээр тогтжээ. Хүүгийн түвшин 72 орчим суурь нэгжээр буурсан үзүүлэлттэй байна.
2026 оны эхэнд гарсан бондуудын хүү ерөнхийдөө буурч буй нь эрэлт өмнөхөөсөө харьцангуй өндөр байсантай холбоотой аж.
Нэгдүгээр сарын 21-ний өдөр нэг болон гурван жилийн хугацаатай бондууд арилжаалагдах хуваарьтай байна.