
Зургийг: ett.mn
Тавантолгойн бүлэг ордын Бортээг хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулахад хөрөнгө оруулагчдын сонирхлыг тодорхойлох зорилгоор олон улсад нээлттэй санал авах хүсэлтийг энэ сарын есөнд зарлахаар шийдвэрлэснийг Засгийн газар мэдээллээ.
Мөн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг хангах, хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулсан байна.
Бортээгийн ордод 2020 онд техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж, JORC стандартын дагуу нарийвчилсан хайгуул хийжээ. Нарийвчилсан баталгаажуулах ТЭЗҮ нь 2026 оны эхний улиралд дуусах юм байна.
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа хөрөнгө оруулагчдаас ил тод, нээлттэй хэлбэрээр санал авах, нүүрсний үнийг зах зээлийн зарчмаар тогтоох, төслийн үр өгөөжийн дийлэнх нь Монгол Улсад ногдох, нэмүү өртөг шингэсэн бүтээн байгуулалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотой бүх процессыг нээлттэй, ил тод зохион байгуулах зарчмыг баримтална.
Бортээгийн төсөл бодит орлого бий болгож эхэлснээр байгалийн баялгаас хүртэх өгөөж нэмэгдэж, Үндэсний баялгийн сан арвижиж, тулгамдаж буй тодорхой асуудлуудыг шийдвэрлэхэд шаардлагатай санхүүгийн нөөц, бодлогын орон зай нэмэгдэнэ гэж үзэж байна.
Бортээгийн орд нь 424 сая тонн нөөцтэй. Үүний 95 хувь нь сул коксжих нүүрс, таван хувийг эрчим хүчний нүүрс эзэлж буйг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу мэдээлж байсан юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшдэг тусгай зөвшөөрлийн талбайд стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрсний бүлэг орд болох Цанхи, Бортолгой, Ончхараат, Бортээг зэрэг хэсгүүд багтдаг.