
Зургийг: Taylor Weidman/Bloomberg
“Оюутолгой” төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах асуудлаарх Монгол Улсын Засгийн газар болон “Rio Tinto” группийн хэлэлцээр үргэлжилж, саналуудаа харилцан солилцож байгааг Сангийн сайд мэдээллээ. Гэхдээ хэлэлцээрийг эцэслэхэд цаг хугацаа шаардагдахыг тодотгов.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын цахим хуудастаа нийтэлсэн хэлэлцээний протоколд "Зээлийн хүүгийн хувийн зохистой байдлыг хянан үзэх хэлэлцээг албан ёсоор эхлүүлсэнд тооцож, талууд 2026 оны нэгдүгээр сарын 31-ний дотор шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Хэрэв дурдсан хугацаанд зөвшилцөлд хүрээгүй бол хэлэлцээ хийх хугацааг талууд харилцан сунгахаар тохиролцоно" гэжээ.
Эхний байдлаар “Rio Tinto”-оос танилцуулсан зээлийн хүүг бууруулах санал Монголын талын хүлээлтэд хараахан хүрээгүйг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт хэлж байсан юм. Монгол Улсын Засгийн газар одоо байгаа LIBOR+6.5 хувийн хүүг зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулахаар зорьж буй.
Оюутолгойн асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулсан нь зарим талаараа Монголын талд давуу байдал бий болгосныг албаныхан тодотгож байсан.
УИХ-аас баталсан тогтоолд санхүүжилтийн хүүгийн хувь хэмжээг бодитоор бууруулах, төслөөс Монголын хүртэх өгөөж 53 хувиас доошгүй байх, Жавхлант, Шивээ Толгой ордын тусгай зөвшөөрлийг хуульд нийцсэн эсэхийг нягталж, шаардлагатай бол цуцлах зэрэг арга хэмжээ авахыг тусгасан юм.