
Зургийг: "Эрдэнэс Тавантолгой" ХК
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 онд улс, орон нутгийн төсөвт 1.7 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлснээ мэдээллээ. Ингэснээр улсын төсвийн нийт орлогын зургаан хувийг дангаар бүрдүүлжээ. Тухайлбал: Өмнөговь аймгийн орон нутгийн хөгжлийн санд гурван тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.
Мөн 2025 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 27.5 сая тонн нүүрс борлуулж, 1.7 тэрбум ам.долларын орлоготой ажиллахаар байгаагаа мэдээлэв. Үүнээс 2.87 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 12.6 сая тонн нүүрсийг биржээр арилжаалжээ. Мөн Ганцмод, Ханги Мандал боомтоор нийт 28.9 сая тонн нүүрс экспортолсон байна.
Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамны мэдээлснээр 2025 онд Монгол Улс нийт 94.6 сая тонн нүүрс экспортолсноос 30 гаруй хувийг нь “Эрдэнэс Тавантолгой” ХК экспортолжээ.
Өнгөрсөн сард тус компани дөрвөн сая тонн нүүрс экспортолсон нь сарын экспортын түүхэн дээд үзүүлэлт болсон байна.
2026 он гарсаар биржээр арилжаалсан нүүрсний хоногийн экспортын дээд хэмжээгээ шинэчлэн тогтоолоо. Тухайлбал: нүүрсний борлуулалт, уурхайн ачилт, тээвэр логистикийн зохион байгуулалтыг сайжруулж экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлсний үр дүнд нэгдүгээр сарын дөрвөний өдөр нээлттэй цахимаар арилжаалсан нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг 745 тээврийн хэрэгсэл, 101 мянга 429 тонн нүүрс экспортолсноо мэдээлэв. Үүнээс Гашуунсухайт хилийн боомтоор 642 тээврийн хэрэгсэл, 87,636.8 тонн, Ханги хилийн боомтоор 103 тээврийн хэрэгсэл 13,792.2 тонн нүүрс экспортолсон байна.