
Зургийг: С.Батсайхан
2025 онд Монголын Хөрөнгийн бирж болон Улаанбаатар үнэт цаасны биржид нийт 607.7 тэрбум төгрөгийн үнэт цаас хоёрдогч зах зээл дээр арилжаалагдсан байна. Нийт хувьцааны арилжаа 2024 оны үзүүлэлттэй харьцуулахад 11.2 хувиар буурч, 287.2 тэрбум төгрөгтэй тэнцжээ.
Макро эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзэхэд хөрөнгө оруулагчид хувьцааны зах зээлд төдийлөн идэвхтэй байсангүй. Оны турш хувьцааны арилжаа сул байсан бол 12 дугаар сард бараг 100 тэрбум төгрөгийн арилжаа хийгдэж, сарын дунджаас зургаа дахин давсан дүн болсон байна.
Харин тогтмол орлоготой хэрэгслийн эрэлт хөрөнгө оруулагчдын дунд эрс нэмэгджээ. Үүнээс хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа 2.4 дахин нэмэгдэж, 148.7 тэрбум төгрөг хүрсэн байна. Өнгөрсөн онд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны гаргалт түүхэн дээд түвшинд хүрсэн нь хувьцааны зах зээлд идэвхгүй байсан хөрөнгө оруулагчдад таатай мэдээ болсон юм.
Харин бондын зах зээл бараг өөрчлөлтгүй, бага зэрэг буурсан дүнтэй 2025 оныг үдлээ.
Монголын Хөрөнгийн бирж болон Улаанбаатар үнэт цаасны биржид нийт 166 тэрбум төгрөгийн компанийн өрийн хэрэгсэл арилжаалагдсан байна.