
Зургийг: XNY/Star Max/GC Images/Getty Images/Bloomberg
АНУ-ын эрх баригчид Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурод нарко-терроризм буюу хар тамхины наймаанд холбогдох дөрвөн зүйл анги бүхий хэрэг үүсгээд буй. Түүнийг 25 гаруй жилийн турш өөрийн албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж АНУ руу хар тамхи тээвэрлэхэд дэмжлэг үзүүлж, их хэмжээний хөрөнгө хуримтлуулсан хэрэгт буруутгаж байгаа аж.
Николас Мадурогийн анхны сонсгол хаалттай хүрээнд хагас цаг орчим үргэлжилсэн байна. Тэрбээр шүүх хурлын үеэр өөрийгөө гэм буруугүй, сайн хүн гэдгийг дурдаад Каракас дахь гэрээс нь олзолж авчирсан, Венесуэлийн Ерөнхийлөгч хэвээрээ байгаа гэдгээ илэрхийлсэн байна. Дараагийн шүүх хурал ирэх гуравдугаар сарын 17-нд товлогдсон бөгөөд тэр хүртэл Николас Мадуро болон түүний эхнэр Нью-Йорк хотод цагдан хоригдсон хэвээр байх аж. "Bloomberg"-ийн мэдээлснээр Венесуэлийн Ерөнхийлөгчийн хэргийг хэлэлцэх шүүх ажиллагаа 2027 оноос нааш эхлэхгүй бололтой. Үүнээс өмнө шүүгч нотлох баримт солилцох, хүсэлт, өргөдлүүдийг хэлэлцэх урьдчилсан хуваарийг гаргах ёстой юм байна.
Венесуэлийн асуудлаар НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл даваа гарагт шуурхай хуралдсан бөгөөд зөвлөлийн гишүүд Вашингтоны үйлдэлд харилцан адилгүй байр суурийг илэрхийлжээ. Тухайлбал: АНУ-ын төлөөлөгч Майк Вольц Дональд Трампын засаг захиргаа Венесуэлийг эзлэн түрэмгийлээгүй бөгөөд Николас Мадурог баривчилсан нь хууль сахиулах зорилготой тусгай ажиллагаа байсан гэж тайлбарласан байна.
Франц, Дани зэрэг АНУ-ын холбоотнууд олон улсын хуулийн даган мөрдөх нь чухал гэдгийг дурдсан ч Николас Мадурогийн учруулж буй эрсдэлийг ч мөн хүлээн зөвшөөрчээ.
Харин Их Британийн төлөөлөгчид Николас Мадурогийн Венесуэл улсад учруулсан хохирлын талаар тодотгосон бол Венесуэл, ОХУ болон БНХАУ-ын төлөөлөгчид АНУ-ын ажиллагааг шүүмжилсэн байр суурь илэрхийлжээ.
Николас Мадурогийн баривчилгааны дараа Венесуэлийн Засгийн газар эрх мэдлээ эргэн тогтоож эхлээд буй. Даваа гарагт тус улсын дэд Ерөнхийлөгч Делси Родригес Ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэгчийн тангараг өргөсөн байна.
Хэдийгээр Делси Родригес нь чавист үзэл баримтлалтнууд болон Дональд Трампын дэмжлэгийг авч, энх тайван, хамтын ажиллагааг эрхэмлэнэ гэж мэдэгдсэн ч Каракас хотод авч буй арга хэмжээ нь амлалтаас нь ялгаатай байна гэдгийг шинжээчид тодотгожээ.
Тус хотын төв гудамж, талбайд зэвсэглэсэн цэргүүд болон Засгийн газрыг дэмжигч бүлгэмүүд сэтгүүлчид болон иргэдийг шалгаж буйг эх сурвалжууд мэдээлсэн байна. Ингэснээр өргөн хүрээний баривчилгаа явагдаж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа аж.