
Зургийг: Bridget Bennett/Bloomberg
(Bloomberg) -- Зах зээлд өндөр хүлээлт үүсгээд буй “Nvidia”-ийн хиймэл оюуны “Rubin” чип энэ ондоо багтан худалдаанд гарахад ойртож байгааг мэдээллээ. Хамгийн сүүлийн үеийн энэхүү дэвшилтэт чипийг хэрэглэж эхэлснээр хиймэл оюуны хөгжлийг хурдасгахад дэмжлэг болох аж.
“Nvidia”-ийн зүгээс “Rubin”-ийн зургаан шинэ чип бүгд үйлдвэрлэлээс гарсан бөгөөд зарим чухал туршилтуудыг аль хэдийн давсан гэж мэдээлсэн байна. Тус компанийн Гүйцэтгэх захирал Женсен Хуан Лас Вегаст болсон CES үзэсгэлэнгийн үеэр хийсэн танилцуулгадаа "Хиймэл оюуны өрсөлдөөн бүрэн утгаараа эхэллээ. Бүгд л үүнийг дараагийн түвшинд хүргэхийг хичээж байна" гэж онцолжээ.
Женсен Хуаны хэлсэн үг нь “Nvidia” дата төв, хиймэл оюуны загваруудыг боловсруулж, ажиллуулахад ашигладаг хурдасгуур чипийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчийн байр сууриа хадгалж буйг тодотгосон хэрэг боллоо гэхэд болохоор байна.
“Rubin” нь “Nvidia”-ийн хамгийн сүүлийн үеийн хурдасгуур чип бөгөөд өмнөх “Blackwell” чипээс сурах чадварын хувьд 3.5 дахин, хиймэл оюуны программ хангамжийг ажиллуулах чадварын хувьд тав дахин илүү гэж тус компани мэдэгджээ. Шинэ чип нь өгөгдөл боловсруулах 88 гол элементтэй бөгөөд өмнөх бүрэлдэхүүн хэсгээсээ хоёр дахин илүү гүйцэтгэлтэй аж.
“Nvidia” шинэ бүтээгдэхүүнийхээ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ийнхүү оны эхэнд буюу ердийнхөөсөө арай эрт танилцуулж байна. Тус компани ихэвчлэн Калифорни мужийн Сан Хосе хотод хавар болдог GTC арга хэмжээний үеэр бүтээгдэхүүнийхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгдөг.
“Nvidia” компани технологийнхоо цар хүрээгээ тэлэх хүрээнд автомат жолоодлоготой тээврийн хэрэгсэл, шинэ үеийн робот технологид зориулсан хиймэл оюуны бүтээгдэхүүнүүдээ мөн танилцууллаа.
Лас Вегаст болсон CES үзэсгэлэнгийн танилцуулгын үеэр Женсен Хуан автомашинуудыг бодит ертөнцөд "сэтгэх" боломж олгох “Alpamayo” хэмээх платформыг танилцуулсан байна.
Түүнчлэн хэрэглэгчид “Alpamayo” загварыг худалдан авч, өөрсдөө дахин сургаж болно гэж тодотгожээ. Харин тус платформын үнэгүй хувилбар нь автомашинууд гэрлэн дохио унтрах зэрэг гэнэтийн нөхцөл байдалд арга хэмжээ авах чадвартай байхад чиглэх юм байна.
Автомашин доторх компьютер нь камер болон бусад мэдрэгчээс ирсэн мэдээллийг шинжилж, шийдлүүд гаргана. “Nvidia” нь “Mercedes-Benz”-тэй хамтран хурдны зам дээр автоматаар жолоодох, хот дотор өөрөө зүг чигээ олж зорьсон газраа хүрэх чадвартай тээврийн хэрэгслийг хөгжүүлэх ажлаа үргэлжлүүлж буй.
“Nvidia”-ийн технологийг ашигласан анхны автомашин АНУ-ын зах зээлд энэ оны I улирал гэхэд гарна гэж Женсен Хуан мэдээлжээ. Харин II улиралд Европт, оны хоёрдугаар хагаст Азийн зах зээлд гарна гэж тодотгосон байна.