
Зургийг: : Jim Watson/AFP/Getty Images/Bloomberg
(Bloomberg) -- АНУ Венесуэлд халдаж, тус улсын Ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсан нь Америкийн нөхөр, дайсан бүгдэд ижил анхааруулга өглөө. Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн гэсэн дэлхийн шинэ дэг журмыг тогтоож байна.
Шөнө дунд Каракасын ойролцоох өндөр харуул хамгаалалттай цэргийн баазаас Николас Мадурог “хулгайлж” Нью-Йоркийн шоронд хүргэсэн энэхүү ер бусын ажиллагаагаар АНУ ашиг сонирхол, аюулгүй байдалд нь заналхийлсэн гэж үзсэн ямар ч удирдагчийг устгахын тулд яахаас ч буцахгүй гэдгийг тодоор харууллаа.
“Ирээдүйг юу тодорхойлох вэ гэхээр үндэсний аюулгүй байдлын цөм болсон нөөц, газар нутаг, худалдааг хамгаалах чадавх. Эдгээр нь дэлхийд эрх мэдлийг ямагт тодорхойлж ирсэн ган төмөр мэт хатуу хуулиуд юм. Бид ч үүнийг хэвээр хадгална” хэмээн Дональд Трамп Николас Мадурог баривчлагдсаныг зарлахдаа хэвлэлд онцолсон юм.
Энэхүү үйл явдал дэлхий нийтийг цочроож, БНХАУ, Бразил зэрэг улсын шүүмжлэлийг дагуулсан. Хоёр дахь бүрэн эрхээ эхлүүлээд Сомали, Нигери, Сири, Ирак, Иран, мөн далайн олон улсын эзэмшлийн бүсэд цохилт өгөөд буй Дональд Трампын хувьд Венесуэл дэх ажиллагаа нь АНУ-ын ашиг сонирхлыг бүхний дээр тавих илүү түрэмгий гадаад бодлогынх нь хамгийн тод жишээ болж байна.
“Николас Мадурог авч хаясан нь эрх мэдлийн төлөөх улс төрийн том сургамж болж байна. БНХАУ зэрэг бусад томоохон улсуудын хувьд АНУ-ын алхам нь дэлхийн дэг журмыг дахин тохируулах өргөн хүрээний чиг хандлагыг улам хурдасгалаа” хэмээн Цинхуа Их сургуулийн Олон улсын аюулгүй байдал, стратегийн төвийн феллов Сунь Чэнхао онцолж байна.
Николас Мадуро Нью-Йоркт шүүх хурлаа хүлээж байх зуур Дональд Трамп дараагийн бай нь хаана байж болох талаар таамаглалуудыг улам өрдөхөөс цааргалсангүй. Николас Мадуро баривчлагдсанаар хамгийн чухал ивээн тэтгэгчээ гэнэтхэн алдсан Куба улс ч тэдгээрт багтжээ. “Бид ард иргэдэд нь тусалмаар байна” хэмээн Дональд Трамп бямба гарагт мэдэгдээд, Колумби улсын Ерөнхийлөгч Густаво Петрог мөн “араа мэдэж явах хэрэгтэй” хэмээсэн юм.
NATO-ийн холбоотон Данийн эзэмшлийн нутаг болох Гринланд арал ч үүн дээр нэмэгдэж буй. “Үндэсний аюулгүй байдлын нөхцөлөөс харвал Гринланд бидэнд хэрэгтэй. Дани ингэж чадахгүй” хэмээн Дональд Трамп ням гарагт онгоцондоо суухын өмнө хэлжээ.
Хойд мөсөн далайн бүсэд АНУ цэргийн хүчээр довтолно гэдэг биелэхэд хэцүү мэт санагдавч өнөө цагт юуг ч боломжгүйд тооцоход бэрх болжээ. Дональд Трампын хөдөлгөж чадах ганц зүйл нь зэвсэгт хүч биш. Худалдааны хориг, тарифыг улс төрийн зорилгоо биелүүлэх шахалт байдлаар ашиглаж чадна гэдгээ тэр харуулсан.
Венесуэл дэх ажиллагааг холбоотнуудтайгаа зөвлөлдөлгүй, тус улсад цаашид юу болохыг нарийн төлөвлөлгүйгээр гүйцэтгэсэн нь Дональд Трамп ямар ч үед түрүүлж хөдөлнө, бусдыг нь дараа нь хийнэ гэдэг ойлголтыг бэхжүүллээ.
Дээрх бүгд нь Хүйтэн дайнаас хойш АНУ-ын гадаад бодлогыг тодорхойлж ирсэн “Дэлхийн шинэ дэг журам”-ыг илтэд зөрчсөн үйл явдал болов. АНУ-ын үе үеийн засаг захиргаа өөрсдөө манлайлж, Нэгдсэн Үндэстний Байгууллага, “Их 20” зэргээр дамжуулан холбоотнуудтайгаа хамтран ажиллахыг эн тэргүүнд тавьсаар ирсэн юм. 2003 онд Иракт халдан довтолсон зэрэг зарим онцгой тохиолдлууд бий ч тухай бүрд АНУ зорилгодоо хүрэхийн тулд олон улсын дэмжлэгийг заавал авахаар зорьж байлаа.
Гэтэл энэ удаа Дональд Трамп огтхон ч дүр эсгэсэнгүй. Ганцаар ажилласан. Тусгаар улсын Засгийн газрууд өөрийн хэргээ өөрөө шийдэхийг АНУ зарчмын хувьд зөвшөөрөх ч эдийн засгийн хавчлага, цэрэг зэвсгийн хүчээр Америкийн давамгайллыг тогтоодог колоничлолын шинжтэй загвар дахин цуурайтаж байна уу гэлтэй.
Гэсэн ч энэ философи Америкийн ашиг сонирхолд эргээд хортой тусах магадлал бий.
Зарим шүүмжлэгчдийн хэлж байгаагаар Дональд Трампын энэ загвар нь БНХАУ Тайванийг буцааж авах, эсвэл ОХУ Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг түлхэн унагахаар шийдэмгий хөдлөхөд үлгэр жишээ маягаар ашиглагдах боломжтой. Дональд Трампын гадаад бодлогын энэ арга барил Өмнөд Хятадын тэнгисийн Спратлын арлуудаас Хималайн нурууг дамнасан хилийн маргаантай бүсүүд хүртэл ганц нэг халуун цэгээр тогтохгүй бүхэл бүтэн түймэр тавих эрсдэл байна.
Дональд Трамп болон түүний багийнхан олон зорилгыг нь нэгтгэн зангидах ганц хүчин зүйл байгааг нуулгүй илэрхийлж буй. Тэр нь эдийн засгийн ноёрхол. Дэлхийд хамгийн томд тооцогдох, олон улсын нийт нийлүүлэлтийн 17 хувийг бүрдүүлдэг Венесуэлийн газрын тосны нөөцөөс ашиглах нь АНУ-ын нэг зорилго гэдгийг Дональд Трамп, Марко Рубио нар тодорхой хэлсэн. АНУ-ын компаниуд Венесуэлийн эвдэрч, хуучирсан эрчим хүчний дэд бүтцийг дахин барьж чадна хэмээн Дональд Трамп онцолж байв.
Венесуэлийн нөөц зөвхөн газрын тосоор хязгаарлагдахгүй. 30 сая хүн амтай тус улс “3000 гаруй км урт далайн эрэгтэй, аялал жуулчлалын үнэт бүс үзэсгэлэнт Карибын тэнгисийн амралтын газрууд, Панамын суваг, Мексикийн булан, Европыг холбосон далайн худалдааны таатай байршил бүхий боомтуудтай” хэмээн “Bloomberg Economics”-ийн Латин Америкийн гео-экономиксийн шинжээч Химена Цунига хэлж байна. Тиймээс Дональд Трампын харах өнцгөөс бол давуу талууд үлэмж их байна.
Дональд Трампын Венесуэл дэх үйлдэлд олон улсаас дэмжлэг, шүүмжлэл холилдсон хариу үйлдэл ирсэн. Ялангуяа Латин Америкийн цөөн хэдэн орнуудаас хамгийн хүчтэй эсэргүүцэл ирж байна. Цаашид ч шүүмжлэлүүд хөврөх нь тодорхой. “Энх тайван, бүс нутгийн аюулгүй байдалд асар аюултай жишиг тогтоолоо” хэмээн Латин Америкийн орнуудын хамтарсан мэдэгдэлд онцолжээ.
Ямартай ч Дональд Трамп эсэргүүцэл, шүүмжлэлийг тоосон шинж алга, байр сууриа зөөлрүүлэх дохио ч өгсөнгүй.
“Дэлхийн хуучин дэг журам нуран унаж байна. Олон улсын хууль журам гэж байхаа болилоо” хэмээн Серби улсын Ерөнхийлөгч Александр Вучич ням гарагт мэдэгдсэн юм.