
Зургийг: Prakash Singh/Bloomberg
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Евразийн Эдийн Засгийн Холбоо болон Монгол Улсын хооронд байгуулсан Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуульд гарын үсэг зурсныг Interfax агентлаг мэдээллээ.
"Хэлэлцээр одоогоор хязгаарлагдмал тооны буюу 367 нэр төрлийн бүтээгдэхүүний татварыг хамарч байгаа. Гэхдээ Орос-Монголын нийт худалдааны 90 хувь нь татварын хөнгөлөлт эдэлнэ. Цаашлаад ОХУ-аас Монголд хийх экспортын 89 хувь нь татвараас чөлөөлөгдөнө" хэмээн ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамнаас мэдээлжээ.
Түүнчлэн чөлөөт худалдааны үр дүнд Монголын зах зээлд худалдаалагдах, хэлэлцээрт багтсан бараа бүтээгдэхүүний дундаж татварын хэмжээ 6 хувиас 0.2 хувь болж буурснаар Оросын бизнесүүд жил бүр 8 тэрбум рубль хэмнэх боломжтой болохыг онцолсон байна.
Харин Монгол Улсаас ЕЭЗХ-ны гишүүн орнуудад экспортлох 367 барааны 97.5 хувь нь хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бараа байх юм. Хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр ЕЭЗХ-ны улсууд руу хийх экспорт 24.1 хувиар өсөх тооцооллыг Засгийн газраас танилцуулж байв.
Гэхдээ МУИС-ийн судлаачдын тооцоолсноор хэлэлцээрийн үр дүнд нийт экспорт 3.7 хувиар өсөх бол импорт 4.72 хувиар өсөх төлөвтэй. Ялангуяа аж үйлдвэрийн салбарын импорт 100 гаруй хувиар өссөнөөр дотоодын үйлдвэрлэл 18 орчим хувиар буурах эрсдэлтэйг анхааруулсан юм.