logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    2025 оныг үдэх Уур амьсгалын сайн мэдээнүүд
    Laura Millan
    Coco Liu
    Olivia Rudgard
    Kyle Stock
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 26 18:22
    515

    Зургийг: Patrick Pleul/picture alliance/Getty Images

    Дэлхийг дулааруулж буй хүлэмжийн хийн ялгарал 2025 онд үргэлжлэн өсөж, ялгарлыг бууруулахаар улс орнуудын хүлээсэн амлалт уур амьсгалын гамшгаас сэргийлэх түвшинд хүрэхэд дэндүү хол хэвээр байна. Гэхдээ нааштай үйл явдлууд бас бий.

    (Bloomberg) -- Дэлхий нийт 10 жилийн өмнө тооцоолж байснаас илүү хурдтайгаар нүүрстөрөгчийн эх үүсвэрүүдийг бууруулж эхэлсний сацуу нар, салхины эрчим хүч, цэнэг хуримтлуур, шугам сүлжээ гээд бүгдийг хамрах цэвэр эрчим хүчний шилжилтэд оруулсан нийт хөрөнгө оруулалт 2025 онд шинэ дээд үзүүлэлт болох 2.2 их наяд ам.долларт хүрснийг Лондонд төвтэй Energy and Climate Intelligence Unit (ECIU) ашгийн бус байгууллага мэдээллээ.

    “Энэ тоо бид бүгдийг аюулаас хамгаалахад хангалттай юу гэвэл мэдээж үгүй. Харин бидний зорьж буй чиглэлд даацтай ахиц мөн үү гэвэл яриангүй тийм”  хэмээн тус байгууллагын олон улсын тэргүүн Гарет Редмонд-Кинг хэлж байна.

    Ингээд 2025 онд уур амьсгалд ээлтэй нөлөө үзүүлсэн хөрөнгө оруулалт, инновац, бодлогын өөрчлөлтүүдтэй танилцацгаая.

    Цэвэр эрчим хүчний тэсрэлт

    Цэвэр технологид хийсэн олон улсын хөрөнгө оруулалт бохирдуулалт ихтэй салбаруудад орсон хөрөнгөөс хол давсан байна. Тодруулбал шатах түлшний төслүүдийг санхүүжүүлсэн $1 болгонд цэвэр эрчим хүч рүү $2 орж байсныг ECIU онцоллоо. Харин бохирдлын хамгийн том дөрвөн эх үүсвэр болох БНХАУ, Европын Холбоо, АНУ, Энэтхэгт дээрх дүн $2.60 байжээ.

    Сэргээгдэх эрчим хүчний салбарт орсон санхүүжилтийн дүн оны эхний хагаст дахин рекорд тогтоож, 386 тэрбум ам.доллар хүрсэн нь 2024 оны мөн үеэс 10 хувиар өссөн үзүүлэлт болохыг BloombergNEF-ийн сүүлийн судалгаа харуулж байна.

    Мөн Их Британийн “Ember” байгууллагын мэдээлснээр нар, салхины эх үүсвэрүүд 2025 оны эхний гурван улиралд дэлхий даяар шинээр бий болсон цахилгаан эрчим хүчний эрэлтийг бүрэн хангах хэмжээнд өсжээ. Өөрөөр хэлбэл олон улсад сэргээгдэх эрчим хүчний нийт хүчин чадал 2025 онд дээд үзүүлэлтээ шинэчлэх нь тодорхой болсон байна. “Ember”-ийн тооцооллоор СЭХ-ний хүчин чадал 2024 онтой харьцуулахад 11 хувиар өссөн байх төлөвтэй.

    Сүүлийн гурван жилийн хугацаанд СЭХ-ний нийт хүчин чадал жилд дунджаар бараг 30 хувиар өсжээ. Энэ эрчээр явбал дэлхий нийт 2023 онд COP 28 хурлаар тогтоож байсан 2030 он гэхэд цэвэр эрчим хүчний хүчин чадлыг гурав дахин өсгөх зорилтдоо хүрэх юм.

    Энэхүү давшилтыг дэлхийд бохирдуулалтаараа тэргүүлдэг БНХАУ түүчээлж, 2025 онд дэлхий даяар шинээр суурилагдсан нарны эх үүсвэрийн хүчин чадлын 66 хувийг, салхины эрчим хүчний 69 хувийг дангаараа бүрдүүлэхээр байгааг Ember онцолсон. 

    Хиймэл оюуны үр ашиг

    Хиймэл оюунд шаардагдах эрчим хүчний эрэлт огцом өссөн нь ногоон технологийн хөрөнгө оруулалтад шинэ давлагаа үүсгэж байна. Оны эхний гурван улиралд олон улсын цэвэр технологийн хөрөнгө оруулалт 2024 оны бүтэн жилийн үзүүлэлтийг хэдийнээ давжээ. Үүний дийлэнх хувь нь дата төвүүдийг ажилууллах шинэ үеийн цөмийн реактор, сэргээгдэх эрчим хүч болон бусад шийдлүүдэд зарцуулагдсан байна. Энэ чиглэлийн хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд царцаад байсан ч 2025 онд 2022 оноос хойш анх удаа өссөн нь энэ аж.

    Хэдий АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уур амьсгалын бодлогуудыг цуцалсан ч цэвэр эрчим хүчний компаниудыг дагадаг S&P-ийн индекс энэ онд 50 гаруй хувиар өсөж, бусад ихэнх индексүүдийг ардаа орхижээ.

    Хиймэл оюуны хөгжил нь мөн уур амьсгалын шинэ шийдлүүдийг олж, судалгаа шинжилгээний ажлыг түргэвчлэхэд дэм болж буй. 

    Хямд батарей

    Цахилгаанжуулах шилжилтэд гол саад болдог байсан цэнэг хураагуурын үнэ үргэлжлэн буурсаар байна.

    Цэнэг хураагуурын нэг киловатт/цаг хүчин чадалд ногдох өртөг энэ онд 8 хувиар буурч 108 ам.доллар болсон бөгөөд ирэх онд дахин 3 хувиар буурах төлөвтэйг BloombergNEF онцолж байна. Энэ нь үйлдвэрлэх технологи сайжирч, химийн орц найрлага нь хямдарч, нийлүүлэлт илүүдсэний үр дүн аж.

    Цэнэг хураагуурын үнэ буурснаар зүлэг тэгшлэгчээс эхлээд мэргэжлийн дрон хүртэлх олон бүтээгдэхүүний эдийн засгийн үр ашиг дээшлэх юм. Ялангуяа автомашин үйлдвэрлэгчид хямд үнэтэй, илүү хол зай туулах чадалтай цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх боломжтой болно.

    Магадгүй хамгийн том ашиг тус хүртэх нь нар, салхины цахилгаан станцын үйлдвэрлэсэн эрчим хүчийг хуримтлуулж, оргил цагийн хэрэглээний үеэр цахилгаанаар хангадаг эрчим хүч хуримтлуурын станц байхаар байна. АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн удирдах газрын тооцоолсноор 2025 онд 18.2 гигаваттын хүчин чадал бүхий эрчим хүч хуримтлуурын станцууд ашиглалтад орсон нь өнгөрсөн оноос 77 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

    Уур амьсгалын бодлого

    Хэдий АНУ байгаль орчны бодлогоосоо ухарсан ч бусад улсууд урагшилж чадсан жил байв. Австрали, Дани, Их Британи улсууд нүүрстөрөгчийн ялгарлыг багасгах илүү амбицтай зорилтууд тавьсан. Харин БНХАУ зорилтоо биелүүлэхэд тийм ч их зүтгэл гаргаагүй ч цэвэр эрчим хүчний хурдацтай тэлэлтийг нь харвал тус улс 2035 он гэхэд нүүрстөрөгчийн ялгаруулалтаа оргил түвшнээс нь 7-10 хувиар бууруулах зорилтдоо хүрэхээр байна гэж дийлэнх экспертүүд үзэж байна. 

    Автомашин төвтэй гэгддэг дэлхийн томоохон хотууд энэ хамаарлаа бууруулахаар эрмэлзэж, иргэдийг алхах, дугуй унахад нь сэдэлжүүлэх бодлого хэрэгжүүлж эхэлж байна. Тухайлбал нэгдүгээр сард Нью-Йоркын захиргаа хотын зарим хэсэгт автомашины хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авсан нь дөрөвдүгээр сар гэхэд үр дүнгээ өгч, түгжрэл буурч, зорчих хугацаа багассан нь илт ажиглагджээ. Төлбөртэй болгосон бүсүүдэд хортой тоосонцрын бохирдол 22 хувиар буурсныг шинэ судалгаагаар тогтоосон байна. 

    Дасан зохицлын ялалт

    Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөгөөнүүд өмнөхөөс илүү санхүүжилт татаж байна. Тэрбумтан Билл Гэйтсийн сан Ази, Африк дахь фермерүүдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварыг сайжруулах, инновацын хүртээмжийг нэмэгдүүлэхэд ирэх дөрвөн жилийн хугацаанд 1.4 тэрбум ам.долларын эх үүсвэр гаргахаа өнгөрсөн 11 дүгээр сард зарлаж байв. Мөн энэ оны НҮБ-ын уур амьсгалын чуулга уулзалтаар дасан зохицох төлөвлөгөөг санхүүжүүлэх дүнг гурав дахин нэмэгдүүлж, 2035 он гэхэд жилийн 120 тэрбум ам.доллар болгох шинэ гэрээ батлагдсан юм.

    Cэтгэгдэл бичих