
Зургийг: С.Батсайхан
Уур амьсгалын өөрчлөлт зүгээр нэг экологийн асуудал байхаа больж, эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд бодитой сөрөг нөлөө үзүүлж эхэлж буйг НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс мэдээллээ.
Тухайлбал, Монгол Улс бүс нутгийн эмзэг байдлын тод жишээ болж буйг тайланд дурдсан. Монгол Улсын хувьд 1993-2022 оны хооронд олон улсын уур амьсгалын эрсдэлийн индексээр 171 улсаас 19-д жагссан. Сүүлийн жилүүдэд олон удаагийн гамшигт үзэгдэлтэй нүүр тулсан гэдгийг тодотгожээ.
Тухайлбал, 2009-2010 оны зуд ихэнх нутгийг хамарч, 8.5 саяас дээш толгой мал буюу нийт мал сүргийн ойролцоогоор 1/4 нь хорогдсон. Үүний эдийн засгийн хохирол нь 287 сая ам.долларыг давсан юм.
Харин 2023 оны зудаар ойролцоогоор найман сая толгой мал хорогдож, 4,800 гаруй өрх малынхаа 70 хувиас дээш, 500 гаруй өрх бүх малаа алджээ. Үүнээс гадна 2023 оны долдугаар сард болсон хүчтэй үер Улаанбаатар хот болон ойр орчмын нутгыг хамарч, 100,000 гаруй хүнд шууд нөлөөлсөн. Эдгээр аюулт үзэгдлүүд давхардаж тохиолдсоноор давтамж нь нэмэгдэж буй нь тодорхой харагдаж байгааг тайланд онцолжээ.
Ялангуяа ган гачиг жил бүр дунджаар хамгийн өндөр хохирол учруулдаг нь Монголын хөдөө аж ахуйн экосистемд үзүүлэх нөлөө ноцтой байгааг харуулж байна. Ерөнхийдөө байгалийн гамшиг, аюулт үзэгдлүүд Монгол Улсад жил бүр ойролцоогоор 0.43 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий гурваас дээш хувьтай тэнцэх хохирол учруулдаг аж.