
Зургийг: Tomohiro Ohsumi/ Bloomberg
Монголын Хөрөнгийн биржийн ТОП-20 индекс сүүлийн нэг сарын хугацаанд Азийн хөрөнгийн зах зээлийн индексүүдийг өсөлтөөрөө тэргүүлж байна.
Тус хугацаанд ТОП-20 индекс 5.1 хувиар өсөж, түүхэн дээд цэгтээ хүрээд буй. Индексийн дийлэнх хэсгийг бүрдүүлдэг уул уурхай болон банк санхүүгийн хувьцаанууд эрчимтэй өсөж, зарим нь дээд амжилтаа эвджээ.
Энэ онд хөрөнгө оруулагчдын арилжааны идэвх буурсан ба үүний үр дүнд энэ жилийн хагаст нь индексийн түвшин огцом өөрчлөлтгүй байсан юм. Харин сүүлийн хоёр сар орчмын хугацаанд эргээд идэвхжсэн дүр зурагтай.
Гэхдээ оны эхнээс өссөн дүнгээр авч үзвэл ТОП-20 индекс 5.6 хувийн өсөлттэй байгаа нь Азийн индексүүдтэй харьцуулахад доогуур үзүүлэлт. Олон улсын хөрөнгийн зах зээлийг технологи болон хиймэл оюуны салбарын өсөлт өдөөсөөр байгаа. Тухайлбал, Nikkei 225 индекс оны эхний таван сард ТОП-20 индексийг давсан уналттай байсан бол түүнээс хойш бараг тав дахин илүү өндөр өсөлттэйгөөр оныг үдэх гэж байна. “Blackrock”-ийн зүгээс ирэх онд Японы хувьцаанууд үргэлжлэн өсөх төлөвтэй гэж тайландаа танилцуулсан.
Түүнчлэн хөгжиж буй орнуудын MSCI индекс болон дотоодоос ХААН Банк ХК багтдаг FTSE Frontier Market индекс ТОП-20 индексийг ардаа хол орхиод байна.