
Зургийг: Toru Hanai/Bloomberg
(Bloomberg) -- Японы хөрөнгийн биржид энэ онд 50 сая ам.доллароос доош үнийн дүнтэй IPO-ийг нийт 43 удаа хийсэн гэж “Bloomberg”-ээс тооцоолсон байна.
Ингэснээр тус улсын хөрөнгийн зах зээлд гарсан жижиг IPO-ийн тоо сүүлийн 10 гаруй жилийн доод түвшинд очлоо. Токиогийн хөрөнгийн биржид реформ хийгдэж, компаниуд богино хугацаанд олон нийтэд хувьцаагаа санал болгохдоо илүү нарийн ажиллах шаардлагатай болсон нь үүнд нөлөөлсөн гэж үзэж байна.
Харин Японд 2025 онд IPO хийх замаар татан төвлөрүүлсөн хөрөнгө оруулалт нийт дүнгээрээ долоон жилийн дээд цэгт хүрээд буй. Үүнд SBI Shinsei банк, JX Advanced Metals зэрэг компанийн өндөр дүнтэй мега хэлцлүүд гол түлхэц нь болжээ.
Түүхэндээ Японы IPO-ийн зах зээлд жижиг хэлцлүүд зонхилсоор ирсэн бөгөөд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд зах зээлийнхээ 82 орчим хувийг бүрдүүлсэн юм. Харин Азийн бусад зах зээлийг харвал Хонконгийн биржийн 55 хувийг, Энэтхэгийн 76 хувийг жижиг IPO-ийн хэлцлүүд эзэлж байна.