
Зургийг: Emilio Parra Doiztua/Bloomberg
(Bloomberg) -- АНУ болон Европт уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодлого, зохицуулалт суларсан ч хиймэл оюуны тэсрэлтийн ачаар эрчим хүчний дэд бүтцийн эрэлт огцом өссөнөөр хөрөнгө оруулагчид уур амьсгалд ээлтэй активуудад шуурч байна.
Тодруулбал, 2025 онд олон улсад гарсан ногоон бонд болон зээлийн хэмжээ 947 тэрбум ам.доллар болж, түүхэн дээд түвшинд хүрсэн гэж “Bloomberg Intelligence”-ийн шинжээчид тооцоолжээ. Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчний салбарын хувьцаанууд жилийн дүнгээр 2020 оноос хойш анх удаа өсөхөөр байгаа. Ингэснээр АНУ-ын “S&P 500” индексийг өсөлтөөрөө илүүрхэхээр буйг онцолсон юм.
Ногоон хөрөнгө оруулалтыг одоо тогтвортой хөгжлийн зорилтын сегмент бус, үндсэн дэд бүтэц ба аж үйлдвэрийн хөрөнгө оруулалт гэж зах зээл үзэж эхэлснийг “Sustainable Fitch”-ийн шинжээчид мэдээлсэн.
Ногоон санхүүжилтийн урсгалыг бүс нутгаар нь харвал, энэ онд Ази–Номхон далайн бүсийн хэмжээнд нийт 261 тэрбум ам.долларын ногоон зээл олгогдсон нь өмнөх оноос 20 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Эндээс БНХАУ дангаараа 138 тэрбум ам.долларын ногоон бонд гаргасан нь дээд түвшинд тооцогдож байна.