logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Үзэл бодол‎
    Нийтлэлийг хуваалцах
    Bloomberg TV Mongolia
    “Дагаад хэлээрэй: Хятадыг хэзээ ч бүү дутуу үнэл!”
    Нийтэлсэн огноо: 2025 оны 12 сарын 25 17:31
    1381

    Qilai Shen/Bloomberg

    Нийтлэлч: Шули Рен (2025 оны 12 дугаар сарын 24)

    Шули Рен нь Азийн зах зээлийг хариуцсан "Bloomberg Opinion"-ийн нийтлэлч юм. Хөрөнгө оруулалтын банкир байсан тэрбээр "Barron’s"-ийн зах зээлийн сурвалжлагчаар ажиллаж байсан. CFA-ийн зэрэгтэй.

    (Bloomberg Opinion) -- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тарифын дайн, хиймэл оюуны тэсрэлт гээд 2025 он гэнэтийн үйл явдал, эргэлтээр дүүрэн жил байлаа. Энэ бүгдээс ухаж ойлгох хамгийн чухал дүгнэлтүүдийн нэг нь юу гэвээс Хятад улсыг хэзээ ч дутуу үнэлж болохгүй нь.

    Оны эхээр дэлхийн хоёр дахь том эдийн засагтай БНХАУ найдваргүй болсон мэт ярьцгааж байлаа. Эдийн засагчид 1990-ээд онд Японд тохиосон шиг “алдагдсан он жилүүд”-ийн түүх Хятадад ч бас давтагдах нь хэмээн таамаглаж байв. Дональд Трампын хоёр дахь бүрэн эрхийн гол зорилт БНХАУ-ын аж үйлдвэрлэлийн давамгайллыг сөрөхөд чиглэж, экспортлогчид нийлүүлэлтийн сүлжээгээ Хятадаас төрөлжүүлж, үйлдвэрлэлээ өөр орнууд руу шилжүүлэхээр яарсан. Хөрөнгө оруулагчид Хятадын 3D асуудал нь (дефляц, debt-өр, demographics-хүн амын бууралт) тогтолцооны шинжтэй болсон тул даван туулшгүй хэмээн тооцоолж, олноороо тус улсаас дайжиж байв.

    Гэтэл он дуусаж буй энэ үед дээрх хүлээлтүүд орвонгоороо эргэжээ гэхэд хилсдэхгүй боллоо. Д.Трампын худалдааны дээрэнгүй тактикийн эсрэг бат зогссон ганц удирдагч нь БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин. Харин ч газрын ховор элементийн зах зээл дэх Бээжингийн хяналтыг зэвсэг болгон ашиглаж, Трампыг ухрахад хүргэсэн юм. Тус улс дэлхийн хамгийн идэвхтэй үйлдвэрлэгч гүрний статусаа хэвээр хадгалаад зогсохгүй бүр Европ хүртэл Хятадад зарчих бараагүй болсон байна хэмээн зарим хүмүүс шогширч байна.

    chinasur800.jpg

    Тэгэхээр Хятад улс “шүдний өвчин”-өө хэрхэн илаарьшуулж, DeepSeek дээр гаргасан амжилтаа технологи, биотехнологи, батлан хамгаалахын салбартаа ч гэсэн давтаж чадав? Амжилтын үр Хятадын хөрсөнд анхнаасаа суусан байв уу, эсвэл Барууны элитүүд зүгээр л нүдээ аниад өнгөрүүлчхэв үү? Хариулт аль алинд нь бий. 

    Нэгдүгээрт, Ши Жиньпин дээд боловсролд онцгой анхаарсан нь үр жимсээ өгч эхэлж байна. 2000 онд БНХАУ-д ахлах сургууль төгсөгчдийн 10 хувь нь их сургуульд элсдэг байсан бол өдгөө энэ нь 40 хувь болж өсжээ. Магистр, докторын хөтөлбөрт оюутнуудын хамгийн түгээмэл, бүр илт давуу сонгодог мэргэжил нь инженерчлэл болсон байна. Үр дүнд нь Хятадын чадварлаг боловсон хүчний бааз суурь асар тэлжээ. 2000-2020 оны хооронд инженерүүдийн тоо нь 5.2 саяас 17.7 сая болж өссөн байна. Мөн 2022 оны байдлаар дэлхийн топ 20 хувьд багтах хиймэл оюуны судлаачдын 47 хувь нь БНХАУ-д бакалаврын зэрэг дүүргэсэн байгаа юм. Харьцуулбал АНУ-д төгссөн судлаачид 18 хувийг эзэлж байна.

    Тиймээс мэдээж том тооны хуулиар Хятадад инновац, нээлт дагаад нэмэгдэх нь зайлшгүй. Бас дэвшилтэт үйлдвэрлэлийн салбарт хямд өртгийн давуу тал Хятадад байсаар байна. Тус улсын нийт инженерүүдийн 44 хувийг 30-аас доош насныхан эзэлдэг бол АНУ-д 20 хувийг эзэлдэг. Гэхдээ хятад инженерийн авах цалингийн хэмжээ америк инженерийн цалингийн ердөө ⅛-тэй тэнцдэг. Ийм л болохоор Apple компани хүртэл Хятадаас гарахыг хүсэвч чадахгүй.

    5454311 800.jpg

    Хоёрдугаарт, Хятад бол прагматик үндэстэн. Хиймэл оюуны өрсөлдөөн үүнийг нь тодоор илтгэж байна. АНУ энэ салбарын хөгжлийн эцсийн шат гэгддэг ерөнхий хиймэл оюун (AGI) руу зүтгэж байхад Ши Жиньпин хиймэл оюуныг “хэрэглээ рүү голчлон чиглэсэн” байдлаар хөгжүүлэхээр зорьж байна. Өөрөөр хэлбэл хиймэл оюуны авчирч болох аливаа ашиг тусыг аж үйлдвэрийн давамгайллаа улам хүчирхэгжүүлэхэд ашиглана гэжээ. Үйлдвэрлэлийн роботууд ажилладаг “харанхуй үйлдвэрүүд” өдгөө Хятад даяар олширсон байна. Автоматжуулалт маш бүтээмжтэй түвшинд хүрсэн учраас үйлдвэрийн талбайг гэрэлтүүлэх шаардлагагүй болсон гэсэн үг. Компаниуд нь мөн логистик, бүтээгдэхүүн загварчлах циклээ хурдасгахын тулд хиймэл оюун ашиглаж байна. 

    Хиймэл оюун, автоматжуулалт нь бүтээмжийг хэрхэн өсгөснийг тоо баримт харуулж байна. Тус улсын гадаад худалдааны ашиг энэ онд түүхэн дээд буюу 1 их наяд ам.доллар давснаар Герман, Япон гэсэн экспортын хүчирхэг өрсөлдөгчдөө ардаа орхижээ. Тэр дундаа автомашин, нэгдсэн хэлхээ, усан онгоц гээд дэвшилтэт үйлдвэрлэлийн салбарт нь хамгийн өндөр өсөлт бүртгэгдсэн байна. 

    Гуравдугаарт, дефляцад сайн ч тал бий, саар ч тал бий. Компаниуд үнэ тогтоох чадваргүй болдог тул хөрөнгө оруулагчид дефляцад дургүй. Гэхдээ Хятадад үнээ нэмж чадаж байгаа брэндүүд хэрэглэгчдийн таашаалд нийцсэн нь тодорхой учраас дэлхийд хүч үзэх боломжтой гэсэн үг юм. Үүний тод жишээ бол Гуанжоуд төвтэй “Pop Mart International”. Дэлхийг байлдан дагуулсан “Labubu” хүүхэлдэйнхээ ачаар тус компанийн ашгийн нийт маржин 70 хувьд хүрч, жирийн тоглоом үйлдвэрлэгч компанийн олж чадахаас хоёр дахин давсан байна. Цаашдаа ч Хятадын брэндүүд дизайн, гоо зүйн давуу талаараа олон улсад танигдсаар байх төлөвтэй.

    Барууны бодлого боловсруулагчид дэлхийн хоёр дахь том эдийн засгийг яагаад ингэж буруу тооцоолсон нь хачирхалтай. Мэдээж Бээжинг урьдчилан тооцоолоход хэцүү. 2022 оны эцэс хүртэл БНХАУ цар тахлын хорио хязгаарлалтаа цуцлаагүй нь нэг жишээ. Гэхдээ миний таамаглалаар Барууны элитүүд өөрсдийн үнэт зүйлсээс нь тэс ондоо улс төрийн үзэл баримтлалтай автократ улсад очихоос зайлсхийдэгтэй зарим талаараа холбоотой байж магадгүй. Хятадад мөнгө олох нь арван жилийн өмнөхтэй харьцуулбал нэлээн хэцүү болсон. Мөн Хятадад нэг орвол гарч чадахгүй гэдгээс зарим хөрөнгө оруулагчид эмээдэг.

    Эцэст нь нэг зүйл тодорхой байна. Америктай өрсөлдөхүйц цор ганц хүчирхэг эдийн засаг болох БНХАУ-ыг тооцооноос хасах нь маш том алдаа болно.

    Cэтгэгдэл бичих